АТГ Л.Оюун-Эрдэнийн орлогыг яагаад хожим нотлов?

img

 

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг огцроход хүргэсэн шалтгаануудын нэг нь түүний хүү О.Тэмүүлэнгийн өндөр үнэтэй сүйн бөгж, брэндийн цүнхний асуудал байв. Тухайн үед эдгээрийг татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авсан байж болзошгүй гэж үзэн “Огцрох амархан” хөдөлгөөнийхөн жагсаал зохион байгуулж байсан юм.

Харин АТГ шалгалт хийж, О.Тэмүүлэнгийн зарцуулсан мөнгөний эх үүсвэр хууль ёсны болохыг тогтоосноо сая мэдээллээ.

АТГ-ын мэдээлснээр, “Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатар компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны нэгдүгээр сарын 12-нд 150 сая, гуравдугаар сарын 16-нд 80 сая, дөрөвдүгээр сарын 5-нд 70 сая төгрөг шилжүүлжээ. Нийт 300 сая төгрөгийн эх үүсвэрийг санхүүгийн баримтаар нотолсон байна.

Уг дүгнэлт 2025 оны зургадугаар сарын сүүлээр гарсан гэх мэдээлэл байгаа ч АТГ олон нийтэд жил гаруйн дараа зарласан нь анхаарал татаж байна.

Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ “Миний орлого нотлогдсон тухай 1.6 жилийн дараа АТГ мэдэгдэл хийлээ. Дүгнэлт өмнө нь гарсан байсан ч яагаад олон нийтэд мэдээлээгүй нь тодорхойгүй” гэжээ.

Тэрбээр мөн нотолж чадаагүй хөрөнгө, орлогыг улсын орлого болгох хуулийг батлахыг уриалсан байна.

Ийнхүү Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотолсон дүгнэлт яагаад тухайн үедээ олон нийтэд хүрээгүй вэ гэдэг асуулт гарч ирлээ. АТГ шалгалтын дүнг улс төрийн нөхцөл байдлаас үл хамааран цаг тухайд нь мэдээлэх үүрэгтэй. Тиймээс энэ байгууллагаас тайлбар нэхэх үндэслэл байна.

Ерөнхийлөгч болон эрх баригч намын удирдлагын хооронд эрх мэдлийн зөрчил үүсдэг гэх яриа Монголын улс төрд шинэ зүйл биш. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үеэс ийм зөрчлийн талаар ярьж ирсэн.

Өнөөдөр МАН-д ч дотоод зөрчил хурцдаж, УИХ дахь гишүүд болон намын байгууллагуудын байр суурь зөрөх болсон талаар улс төрийн хүрээнд яригдаж байна.

Энэ нөхцөлд АН дотоод эв нэгдлээ хадгалж, зохион байгуулалтаа бэхжүүлж чадвал дараагийн сонгуульд төрийн эрх авах боломж бүрдэж магадгүй гэсэн байр суурь ч гарч эхэлжээ.

Гэхдээ намуудын хувьд албан тушаалын маргаанаас илүү иргэдийн итгэлийг авах нь чухал. Сонгуулийн ирц, сонгогчдын оролцоо ч улс төрийн үр дүнд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ