Казахстаны хилийн саатлаас болж Оросын тээвэрлэгчид Монголоор дамжих болжээ
Казахстан улс хилийн хяналт шалгалтаа чангатгасантай холбоотойгоор тус улсаар дамжин ОХУ-ыг чиглэдэг ачаа тээвэрлэлт эрс удааширч, импортлогчид өөр замыг сонгох болжээ.
Үүний улмаас бага хэмжээний импортлогчид болон жижиглэн худалдаа эрхлэгчид, ялангуяа нэг ачааны машиныг бусадтай хуваалцдаг хүмүүс хамгийн их хохирол амсаж байгаа гэнэ.
"Сүүлийн хоёр сарын хугацаанд ачаа тээвэр сугалаа шиг аз сорьсон зүйл боллоо" гэж есдүгээр сард Хятадаас гарсан гурван ачаагаа хүлээж байгаа автомашины сэлбэгийн худалдаачин ярьсан байна.
Өмнө нь нийтдээ 20 орчим хоног үргэлжилдэг байсан тээвэрлэлт одоо Казахстаны хил дээр дунджаар 20 хоног хүлээдэг болсныг бусад импортлогчид мэдээлжээ.
Казахстаны гаалийн ажилтнууд өнгөрсөн зунаас эхлэн Хятад, Киргизийн боомтуудад хяналт шалгалтаа эрчимжүүлснийг тээвэр зуучийн компанийн ажилтан мэдээлсэн байна. Тэд электрон бараа, машин механизм, автомашины бүтээгдэхүүн, дрон, онцгой хямд үнээр мэдүүлсэн барааны тээвэрлэлтийг илүү нарийн шалгадаг болжээ.
Өрнөдийн хориг арга хэмжээнээс болгоомжилсон Хятадын давхар зориулалттай цахилгаан бараа үйлдвэрлэгчид Орос руу шууд бүтээгдэхүүн илгээх хүсэлгүй байгаа учраас тээвэрлэгчид хуурамч мэдүүлэг бүрдүүлэн Киргизстаны нутгаар дамжуулах болсонтой энэ арга хэмжээ холбоотойг нэг мэргэжилтэн тайлбарлажээ.
Үүний улмаас аравдугаар сарын 28-30-ны хооронд хэд хэдэн тээвэрлэгч Казахстан, Киргизстаны нутгаар ачааны машин явуулахаа зогсоосон байна.
Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев улс дамнасан тээвэрлэлтээс их хэмжээний орлогоо алдаж байгааг шүүмжилж, чиглэл өгсний дагуу тус улсын тээврийн яам том оврын болон хүнд даацын тээврийн хэрэгслийн хяналтыг сайжруулахыг анхааруулжээ.
Үүний улмаас Орос, Беларусийг чиглэсэн бараг бүх ачааны машин жин хэмжилтийн нэмэлт шалгалтад хамрагдах болсон байна.
Ложистикийн компаниуд Орос руу шууд эсвэл Монголоор дамжин өнгөрөх замыг, эсвэл Алс Дорнодын боомтоор тээвэрлэхийг зөвлөх болжээ.
Аравдугаар сарын байдлаар нэг ачааны автомашины Казахстанаар дамжин өнгөрөх зардал $12-$13 мянга байсан бол Орос руу шууд тээвэрлэх зардал үүнээс 10-15 хувиар өндөр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ