Өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдээр ажилласан ч ачааллаа дийлэхгүй байна

img

 

Нийслэлд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаа энэ цаг үед өрхийн эмнэлгүүдийг амралтын өдрөөр ажиллуулах шийдвэр гарсан. Улмаар өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон дөрвөн тосгоны эрүүл мэндийн төв энэ сарын 17-18-нд 11:00-16:00 цагийн хооронд ажиллажээ.

Гэвч өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ачаалал эрс ихссэнээс хүүхдээ үзүүлэхээр ирсэн эцэг, эхчүүд эмчийн өрөөний үүдэнд урт дараалал үүсгэн хүлээж, зарим нь ачааллаас шалтгаалан хүүхдээ үзүүлж чадалгүй буцсан байна.

Мөн ирэх амралтын өдрүүдээр буюу энэ сарын 24-25-ны өдрүүдэд ч өрхийн эмнэлгүүдийг ажиллуулахаар болжээ.  

Харин энэ сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд томуугийн эсрэг вакцинд 337,659 хүн хамрагдсан бөгөөд вакцинжуулалтын хамрагдалт нийслэлд 73.4, орон нутагт 59.3 хувьтай байжээ. Энэ жил зорилтот бүлгийн 500,000 иргэнийг томуугийн эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамруулахаар төлөвлөсөн байна.

Өвлийн улирал эхлээгүй байхад эмнэлгийн ачаалал ийнхүү нэмэгдэж байгаа нь хүйтний улиралд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг улам сайжруулах шаардлагатайг харуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ