Netflix компани 1,000 орчим ажилтнаа цомхотгоно
Дэлхийн стриминг үйлчилгээний томоохон компани болох Netflix нийт ажилтнуудынхаа зургаан хувь буюу 1,000 орчим хүнийг цомхотгохоор болжээ. Энэ нь тус компанийн 2022 оноос хойших хамгийн том цомхотгол болж байна.
Уг цомхотголд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологи, хууль эрх зүй, хүний нөөцийн чиглэлийн ажилтнууд голлон өртөх аж. Тус компани 2025 оны эцсийн байдлаар 16 мянга орчим үндсэн ажилтантай байжээ.
Netflix-ийн хамтран гүйцэтгэх захирлууд болох Тед Сарандос, Грег Питерс нар ажилтнууддаа илгээсэн мэдэгдэлдээ компанийн хүний нөөц, хөрөнгө оруулалтыг өсөлт авчрах, үйлчилгээг сайжруулах чиглэлд төвлөрүүлэх шаардлагатай болсоноо мэдэгджээ.
Харин энэхүү цомхотгол нь үзэгчдийн анхаарлыг татах өрсөлдөөн ширүүсэж, YouTube зэрэг платформын нөлөө нэмэгдэж буй үетэй давхцаж байна. Мөн Netflix-ийн хэрэглэгчдийн үзэх хугацааны өсөлт удааширч байгаа нь компанийн цаашдын өсөлтийн стратегид дарамт болж буйг хэвлэлүүд онцолжээ.
Гэсэн хэдий ч компанийн удирдлагууд бизнесийн үйл ажиллагаа тогтвортой байгааг мэдэгдэж, энэ оны санхүүгийн төлөвлөгөөгөө биелүүлэх хүлээлттэй байгаагаа илэрхийлжээ. Netflix цаашид үйлчилгээгээ сайжруулах, шинэ орлогын эх үүсвэр бий болгох чиглэлд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ