Г.Дамдинням: Энэ сард БНХАУ-аас 78,000 тн автобензин авах гэрээ хийсэн
Манай улс нэг сардаа 75,000 тн АИ-92 хэрэглэдэг байна. Гэвч наймдугаар сард 54,000 тн орчмыг, есдүгээр сард 62,000 тн-ыг оруулж иржээ. "Ачилт бага зэрэг багасахад асуудал үүсэж байна. Огт таслахгүйгээр явж байна" гэдгийг Уул уурхай, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ.
Хоёр хоногийн өмнөөс ОХУ экспортын мэдээллээ нууцалж эхэлсэн байна. ОХУ-д 34 нефть боловсруулах үйлдвэр байдгаас 24 нь нэгээс дээш удаагийн бөмбөгдөлтөд өртжээ. Улмаар ОХУ дотооддоо евро 2, 3 төрлийн эсвэл найруулсан шатахууны хэрэглэхийг хориглодог байсан бол үүнийгээ чөлөөлсөн байна. Улмаар ОХУ-ын үйлдвэрлэсэн АИ-92 автобензинийг зөвхөн Монгол, Киргизстан улс авдаг байсан бол ОХУ энэ бүтээгдэхүүнээ дотооддоо хэрэглэдэг болсноос үүдэж манай улсад өгөх хэмжээ багасаад байгаа аж.
10-р сарын хувьд БНХАУ-аас 78,000 тн авах гэрээ хийсэн байна. Иймд 10-р сард байдал харьцангуй тайван байх хүлээлттэй байна гэв.
Уул уурхай, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Дэлхийн байр байдал тодорхойгүй байна. АНУ дизелийн бүтээгдэхүүнийхээ экспортыг хориглосон. БНХАУ нефтийн бүх бүтээгдэхүүнийхээ экспортыг хориглох шийдвэрийг өчигдөр гаргасан. Иймд олон эх үүсвэрээс авахдаа анхаарч хүссэн хэмжээгээр биш байсан ч хамаагүй олж ирж байна.
Засгийн газар автобензин зардаггүй. ААН-үүдэд олж ирэхэд нь бүх талаар нь тусалж байгаа. АИ-92 автобензиний хувьд үнэ нь өссөн, олдоц нь ховор дэлхий даяар маш хүнд байна. Иймд аль болох олон эх үүсвэрээс авах хэрэгтэй байна. Гэхдээ дэлхийн хаанаас ч авсан ОХУ, БНХАУ-аар л дамжиж орж ирнэ. Энэ ложистикийн асуудлаа ААН-үүдтэйгээ хамтраад шийдээд явж байна.
Шөнө автобензин өгөхгүй байгаа ААН-үүдэд торгууль тавьж байгаа" гэв.
ОХУ нефть боловсруулах үйлдвэрүүддээ татаас өгч байж үнийг нь буулгадаг учир үнэ нь бага байдаг. Манай улс бол татаас өгдөггүй. Тухайн бүтээгдэхүүний сүүлийн 14-25 хоногийн өмнөх сарын дэлхийн зах зээлийн үнийн дунджаар тооцдог гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ