АНУ-д инфляц сүүлийн гурван жилийн дээд түвшиндээ хүрчээ

img

 

Тавдугаар сарын инфляцын хэмжээ сүүлийн гурван жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн нь Иранд явуулж буй дайн эрчим хүчний үнэ өртгийг өсгөсөнтэй шууд холбоотой юм.

Сэтгүүлчид эдийн засгийн энэ үзүүлэлтийн талаар тодруулахад ерөнхийлөгч Трамп “Тоонууд гайхалтай байсан…Би инфляцад хайртай” гэсэн хариулт өгсөн байна.

Бүгд Найрамдах Намаас сонгогдсон Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон сүүлд “ерөнхийлөгчийн үгийг гуйвуулсан“ хэмээн сэтгүүлчидтэй маргасан бол Сенат дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Чак Шумер түүний үгийг “ерөнхийлөгч Америкийн айл өрхүүдийн санхүүгийн бэрхшээлийг үл тоомсорлож байгаагийн илрэл” хэмээн шүүмжилсэн байна.

“Трамп үнэхээр камерын өмнө ‘Би инфляцад хайртай’ гэж хэлсэн. Бүх Америкчууд үүнийг сонссон. Түүний бусдыг үл тоомсорлодог занд хязгаар байхгүй” гэж Шумер сошиал хуудсаараа мэдэгджээ.

Хэрэглээний үнийн индекс жилийн өмнөх мөн үеэс 4.2 хувиар, дөрөвдүгээр сарын 3.8 хувиас огцом өссөнийг АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Товчоо өчигдөр зарласан юм.

Энэ нь 2023 оны дөрөвдүгээр сараас хойших хугацааны хамгийн өндөр үзүүлэлт юм байна.

Ираны дайн дууссаны дараа инфляц “чулуу шиг унана” гэж үзэж байгаагаа Трамп өчигдөр давтан илэрхийлжээ.

Гэхдээ эдийн засагчид түүний энэ таамаглалыг няцааж байна. Тухайлбал дайн дууссан ч газрын тосны үнэ өмнөх түвшиндээ буцаж хүрэхийн тулд хэдэн сарын хугацаа шаардлагатай гэж тэд үзэж байгаа.

Дайн хэзээ дуусах нь ч тодорхойгүй байгаа билээ.

Ирэх арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулиар Трампын Бүгд Найрамдах Нам хууль тогтоох хоёр танхимд хяналтаа хадгалахыг зорьж байна.

Гэвч үүнд саад учруулж болзошгүй хамгийн том асуудал үнийн өсөлт болоод байгаа.

Хэрвээ ирэх сонгуулиар Ардчилсан Нам хоёр танхимын ядаж нэгэнд нь олонх болбол Трампын засаг захиргаа бодлого, үйл ажиллагаагаа саадгүй хэрэгжүүлэхэд хэцүү болох юм.

Тавдугаар сарын инфляцын тоо баримтаас харвал эрчим хүчний үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.5 хувиар, бензин шатахууны үнэ 40.5 хувиар өссөн байна.

Хүнсний бүтээгдэхүүний үнэ мөн хоёр дахь сардаа мэдэгдэхүйц өсөж, жилийн өмнөх мөн үеэс 2.7 хувиар өсжээ.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ, агаарын тээвэр, амралт зугаалгын салбарын үнэ ханш бас сүүлийн нэг сарын дотор өссөн байна.

Оны сүүлээр бодлогын хүү буурах хүлээлттэй байсан ч Ираны дайн уг төсөөллийг өөрчилсөн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ