Монгол Улсад мэдэх эрхийн төлөв байдал бодитоор хангагдаагүй гэж дүгнэлээ
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос өнөөдөр Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ээлжит 25 дахь илтгэлийн “Олон нийтийн мэдэх эрхийн төлөв байдал” сэдэвт гуравдугаар бүлгийн хүрээнд хийсэн дүгнэлт, гаргасан саналыг олон нийтэд танилцууллаа.
ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа: Энэ удаагийн илтгэлд анх удаагаа ХЭҮК-оос үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, төрийн үйл ажиллагааны ил тод байдал, ардчиллын үндсэн суурь болох мэдэх эрхийн төлөв байдал ямар байна вэ гэдэгт дүн тавьсан гэсэн үг.
Манай улсын иргэдийн мэдэх эрх хангагдаж байна уу? гэдэг асуултад хариулахад нийтэд ил мэдээллийн тоо хэмжээ нэмэгдэж байгаа боловч өнгөн талаасаа эерэг харагдах энэ үзүүлэлт нь мэдэх эрхийн бодит хэрэгжилт биш гэж үзсэн.
Мэдээж макро түвшиндээ ил тод байдал, тоо хэмжээ нэмэгдсэн талаар бол үзүүлэлтүүд бол байгаа. Гэхдээ бодитоор хангагдахгүй байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн таван шалтгааныг дурдвал
- Хууль эрх зүйн хүрээнд зарим мэдээллийг нууцлах тухай ойлголт бий. Үүнийг нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн долдугаар зүйлд тусгах оролдлого хийсэн боловч хангалттай эрх зүйн чиглэж болохгүй байгаа нь төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд бэрхшээл учруулж байна. Тодруулбал хувийн, байгууллагын, төрийн нууцад хамаарах олон ангилал дотроос ямар нь ил байх, ямар нь нууц байх нь ойлгомжгүй байдаг,
- Мөн мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах процесс нь хүний эрхийн үндэсний комиссын шалгуурт нийцэхгүй байна. Манай байгууллагаас уг дүгнэлтийг гаргахдаа долоон үндсэн шалтгаан байгааг харсан. Тухайлбал мэдээллийг төрийн нууцад хамруулж байгаа хүрээ хэт өргөн, нийтийн мэдээллийг төрийн нууцаас гаргах, ил болгох зохицуулалт нь тодорхойгүй байгааг онцолъё. Түүнчлэн мэдээллийг төрийн нууцад хамруулах шалгуур тодорхой тогтоогдоогүй байна гэж үзсэн. Иргэдийн мэдэх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзсэн тохиолдолд энэ эрхийг сэргээх механизм тодорхой байх ёстой.
- Мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах хамгийн чухал алба бол мэдээллийн ил тод байдлын зөвлөл байдаг. Тус зөвлөлийн ёс зүйн байдал болон чиг үүргийг үл хохирох байдлаар хуульчилсан нь үйл ажиллагаа нь бодит үр дүнгүй болгож байна. Манай байгууллагаас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 байгууллагад мэдээлэл авах хүсэлт гаргаад, түүнд хэрхэн хандаж байгаагаар нь үнэлэхэд тус зөвлөл хамгийн бага оноо авсан байдаг.
- Мэдээлэл авах хүсэлтийг хүлээн авах, үр дүнтэй хариу өгөх, татгалзсан шийдвэрийн үндэслэл, зөрчигдсөн эрхийг сэргээх, зөрчил гаргасан этгээдэд бодитой хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин дутагдалтай.
- Нээлттэй мэдээллийн цахим сан, төрийн байгууллагуудын цахим хуудас зэрэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан зэрэг мэдээллийг онцлог байдлаар хүлээж авдаг нийгмийн бүлгүүдийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байна.
Энэ мэтээр хэдийгээр манай улсад нийтийн мэдээллийг ил тод болгох санаачилга хэрэгжүүлж байгаа ч бодит үр дүнд хүрэхгүй байна" гэж онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ