ОХУ УКРАИНЫ ОДЕССА ХОТОД ЦОХИЛТ ӨГӨВ

Украины Одесса хот ОХУ-ын цохилтод өртлөө. Пүрэв гарагт ОХУ-ын нисгэгчгүй онгоцууд Одесса хотод томоохон цохилт өгсөн бөгөөд халдлагын дараа хот тэр чигтээ галд автаад байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос-Украины дайныг зогсоох, энхийн гэрээ байгуулах асуудлаар хүчин чармайлт гаргаж буй энэ цаг үед ОХУ-ын талаас ийм хэмжээний цохилт өгч байгаа нь хэлэлцээрийг хойшлуулах магадлалтай. Мөн Одесса хотоос гадна Украины хэд хэдэн хот ОХУ-ын нисгэгчгүй онгоцны халдлагад өртжээ. Украины Батлан хамгаалах яамны мэдээнд ОХУ-ын 150 орчим нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдсэн гэж мэдэгдээд байна.
Тэгвэл В.Зеленский, "ОХУ эрчим хүчний системд цохилт хийхгүй гэсэн хэсэгчилсэн гал зогсоох хэлэлцээрийг зөрчлөө" хэмээн мэдэгдсэн юм.
Орос-Украины дайны асуудлаарх талуудын дараагийн хэлэлцээ даваа гарагт товлогдоод буй. Саудын Арабт болох энэ уулзалтаар Орос-Украин гал зогсоох, цаашлаад энхийн гэрээ байгуулах эсэх нь үндсэндээ ойлгомжтой болох юм.
Дональд Трампын хувьд Орос-Украины хооронд ойрын хугацаанд 30 хоногт гал зогсоох, цаашлаад ойрын нэг жилд энхийн гэрээ байгуулах найдвар байгаа тухай онцлоод буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ