Монгол Улс ЕАЭЗХ-той түр хэлэлцээр байгуулна

Евразийн эдийн засгийн холбоо, Монгол Улс хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах төслийн үлдсэн асуудлуудыг тохиролцжээ.
Евразийн эдийн засгийн комиссын худалдааны сайд Андрей Слепнев, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр нарын уулзалтын дараа тус холбооноос мэдэгдэл гарсан байна.
Слепнев тус мэдэгдэлдээ "Бид үр дүнтэй хэлэлцээр хийж, Евразийн эдийн засгийн холбоо болон Монгол Улсын хоорондох чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн төслийн бүх үлдсэн асуудлыг нарийвчлан хэлэлцлээ. Монгол Улсыг ойрын хөрш, найрсаг харилцаатай орон хэмээн үзэж, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тууштай байгаагаа дахин нотолж байна" хэмээн онцолжээ.
ЕАЭХ болон Монгол Улсын хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах хэлэлцээг 2024 оны тавдугаар сарын 8-нд болсон Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн шийдвэрийн дагуу явуулж байгаа юм. Хэлэлцээр гурван жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд хоёр тал тус бүр 375 нэр төрлийн бараанд гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ