Нью-Йорк хотноо байрлах НҮБ-ын төв байранд жил бүрийн есдүгээр сард дэлхийн улс орнуудын төрийн тэргүүд чуулдаг уламжлалтай. 79 дэх удаагийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы ерөнхий санал шүүмжлэлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзалт хийсэн. Хоёр жилийн өмнө манай улсад айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улс олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлогоо амжилттай хэрэгжүүлж, мөнхийн хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой харилцаа, хамтын ажиллагааг тэнцвэртэй бөгөөд эрчимтэй хөгжүүлж байгаа нь бахархууштай хэмээн тэмдэглэж байлаа. Мөн Монгол Улс нь НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгийн чухал гишүүн, бүс нутгийнхаа улс орнуудын харилцан ойлголцол, харилцан итгэлцлийн гүүр болж байгааг тэмдэглэхийн сацуу НҮБ нь Монгол Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, бэхжүүлэхийн төлөө байгааг илэрхийлсэн тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлж байлаа.
79 дэх удаагийн чуулганы үеэр болсон зарим онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэе.
Гал намжихгүй байгааг хатуухан шүүмжлэв
Сүүлийн гурван жил олон улсын бүхий л арга хэмжээнд ёс болон хэлэгдэх болсон энхийн яриа хэлэлцээ энэ удаагийн чуулганы онцлох сэдэв байсан нь ойлгомжтой. Хэлсээр байтал байтал улам хурцдаж, Ойрхи Дорнодод өрнөж байгаа мөргөлдөөн даамжирч, Орос Украины энхийн хэлэлцээ сураг ч үгүй байгаад Ерөнхий нарийн бичгийн дарга ихээхэн сэтгэл гонсгор байгаагаа илэрхийлэв. Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Дэлхийн банк зэрэг байгууллагуудыг шинэчлэн дорвитой арга хэмжээ авах цаг нэгэнт болсныг хэлсэн үгэндээ онцоллоо. “Энх тайвны төлөөх шийдвэр бол хүн төрөлхтний урагш алхах хамгийн чухал алхам байх ёстой” гэдгийг дахин дахин сануулж, улс орнуудыг мөргөлдөөнөө намжаахыг уриалав.
НҮБ-ын бүтцийн байгууллагын үйл ажиллагаанд “асуудал” байгааг илэрхийлсэн нь зөвхөн НҮБ-ын тэргүүн байсангүй. Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдагон НҮБ-ыг "хөдөлгөөнгүй, хөшүүн, идэвхгүй бүтэц" хэмээн хатуухан байр суурь илэрхийлсэн. Мөн Аюулгүйн зөвлөлөөс Израилийн эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалж, Газын зурваст нэн даруй гал зогсоох, хоригдлуудыг солилцох, хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэхийн тулд эрчимтэй арга хэмжээ авахыг Аюулгүйн зөвлөлд илэрхийллээ.
Мөн Иорданы хаан Абдулла “ Израилийн явуулж буй бодлого нь хүний эрхийг хамгаалах олон улсын хууль тогтоомжийг зөрчиж байгааг буруушааж, НҮБ-ын хоргодох байр, сургуулиудыг бөмбөгдсөн зэрэг нь хүмүүнлэгийн бус үйл ажиллагаа гэдгийг цохон тэмдэглэлээ.
Ж.Байдений сүүлчийн чуулган
АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден сүүлийн удаа ерөнхийлөгчийн хувиар НҮБ-ын индрээс үг хэллээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг дөрвөн жил хашсан тэрээр дэлхий нийтийн энх тайван сайн сайхны төлөө үгээ хэлж, мөргөлдөөнтэй бүс нутгуудад яаралтай тусламж үзүүлэх хэрэгцээ, хиймэл оюун ухаан бол шинэ тутам тулгарч байгаа томоохон сорилт болохыг дэлхий нийтэд хандан онцлон тэмдэглэв. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход хэдхэн долоо хоног үлдээд байгаа энэ цаг үед тус улсын улс төрийн нөхцөл дэлхийн анхаарлын төвд байгаа нь ойлгомжтой. Сонгуулиас өөрийн хүсэлтээр нэрээ татсан тэрээр дэлхий дахинд хандаж хэлсэн сүүлчийн илтгэлдээ “Албан тушаалаас ч илүү чухал зүйлс байдаг юм” гэсэн юм.
Ираны шинэ ерөнхийлөгчийн анхны илтгэл
Дэлхийн халуун цэг болоод байгаа Иран улсын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон Masoud Pezeshkian анх удаа НҮБ-ын индэр дээрээс үг хэллээ. Түүний анхны илтгэл Израйльтай явуулж байгаа мөргөлдөөн ширүүссэн, хурцадмал нөхцөлд дэлхий нийтэд хандаж хэлсэн үгсийг тоймловол, улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө тэмцэж байгаагаа онцлон тэмдэглэлээ. Мөн Иранд шинэчлэлийн эрин эхлүүлэхээ албан ёсоор мэдэгдсэн юм. “Бид бусдын аюулгүй байдалд заналхийлсэн бус өөрсдийн аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө тэмцэж байна. Бид ч бас дэлхийн өнцөг булан бүрт байгаа бусдын адил энх тайвныг эрмэлзэж байгааг ойлгох хэрэгтэй” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон. Мөн Ираны барууны орнуудтай байгуулсан цөмийн хэлэлцээрийг дипломат ололт гэж сайшааж, Тегеран хэлэлцээрт эргэн орж, АНУ-ын хориг арга хэмжээг цуцлахын тулд бүх талуудтай хэлэлцээ хийхэд бэлэн байна гэсэн юм.
Энэ талаар “Нью-Йорк Таймс” сонины олон улсын тоймчид “Иран улс өмнө нь НҮБ-ын индэр дээрээс АНУ-ыг болон барууныхныг буруутгасан өнгө аястай байдаг байсан бол энэ жил ер бусын тайван бөгөөд эвлэрлийн байдалтай байлаа” хэмээн онцлон бичжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин