АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ирэх 11 дүгээр сарын 5-нд болох сонгуульд ялагдвал дөрөв дэх удаагаа нэр дэвшихгүй гэдгээ ням гарагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.
Өдгөө 78 настай Ерөнхийлөгч асан Д.Трампыг “Full Measure” нэвтрүүлэгт оролцох үеэр энэ удаагийн сонгуульд ялагдвал дахин өрсөлдөх эсэх талаар нь тодруулахад “Үгүй ээ. Би тийм зүйл болно гэж бодохгүй байна. Энэ удаа сонгогдоно гэж найдаж байна” хэмээн хариулсан байна.
Д.Трамп Ардчилсан намаас нэр дэвшигч, дэд Ерөнхийлөгч Камала Харристай ширүүн өрсөлдөж байгаа бөгөөд К.Харрис олон нийтийн санал асуулгуудад тэргүүлж эхэлсэн боловч сонгуулийн дүн хаашаа ч хэлбийж болзошгүй муж улсуудад саналын зөрүү тун ойролцоо хэвээр байгаа юм.
Д.Трамп 2017 онд ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдрөө 2020 оны сонгуульд улиран сонгогдохын төлөө өрсөлдөхөө мэдэгдэж, улмаар хоёр жилийн өмнө буюу 2022 оны 11 дүгээр сард ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа нэрээ дэвшүүлэхээ олон нийтэд зарласан билээ.
Тэрбээр 2020 онд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденд ялагдсанаа сонгуулийн луйвартай холбоотой хэмээн ташаа мэдэгдэл хийж, сонгуулийн дүнг хүчингүй болгохыг оролдсон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт буруутгагдаад байгаа юм. Харин түүний хувьд өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсээр иржээ.