Японы судлаачид өөх шатаадаг уургуудыг илрүүлжээ
8 цаг 0 мин

 

Дасгал хөдөлгөөн хийх явцад нэмэгдэж, өөх шатаахад тусалдаг уургийн хувилбаруудыг Японы судлаачдын баг нээжээ. Энэхүү нээлт нь хоолны дэглэм барихгүйгээр жингээ хасахад туслах шинэ эмийг гарган авахад тус дөхөм болж магадгүй байна.

 

Европын шинжлэх ухааны “Molecular Metabolism” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүлэлд дурдсанаар, хүмүүс дасгал хийх үед араг ясны булчинд “PGC-1a” уургийн янз бүрийн хувилбарууд үүсдэг ба тэдгээрийн өсөлт нь их байх тусам хүмүүс илүү их энерги зарцуулдаг болохыг харуулжээ.

 

Эдгээр хувилбар байхгүй хулгануудад “дасгал хийх явцад энерги зарцуулалт бага явагдаж, улмаар таргалалт, гиперинсулинеми /цусан дахь инсулины хэмжээ ихсэх/ үүсэхэд хүргэдэг” болохыг Кобегийн их сургуулийн Анагаах ухааны их сургууль зэрэг бусад байгууллагын судлаачдаас бүрдсэн баг тогтоосон байна.

 

Судлаачид хүний ​​араг ясны булчинг судалж үзэхэд “PGC-1a”-ийн өөр хувилбарууд мөн дасгалын явцад нэмэгджээ. Тэдгээрийн үйлдвэрлэл нь хувь хүнээс хамаарч өөр өөр байдаг тул хүмүүс ижил дасгал хийсэн ч биеийн жин адил бус хэмжээгээр хасагдахад нөлөөлдөг байна.

 

Таргалалтын эмчилгээнд хоолны дуршлыг бууруулдаг эмийг ихэвчлэн зөвлөдөг боловч судлаачдын энэхүү нээлт нь дасгал хөдөлгөөнөөс үл хамааран эдгээр хувилбарыг өдөөх, эсвэл нэмэгдүүлэх шинэ эмүүдийг гарган авахад тусалж магадгүй юм.

 

Кобегийн их сургуулийн профессор Ватарү Огавагийн ярьснаар, таргалалттай холбоотой өвчлөлүүд бол эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй гол сорилт бөгөөд хэрвээ шинэ эмүүд таргалалтаас ангижрахад нөлөөлж чадвал янз бүрийн өвчнийг эмчлэхэд тустай байх болно.

 

Shuud.mn
Сонин хачин