Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын ууган үйлдвэрлэгч АПУ компани 100 жилийн ойн хүрээнд дэлхийн сонгодог урлагийн оддын тоглолтыг олон нийтэд зориулж 8-р сарын 3-ны өдөр 16:00 цагаас УДБЭТ-аас Сүхбаатарын талбайд шууд дамжуулан хүргэх гэж байна.
Монгол улсын аж үйлдвэрийн салбарт анхдагч болсон АПУ компанийн 100 жилийн ойн баярт дэлхийн 20 гаруй улсаас тус компанитай хамтран ажилладаг дэлхийн шилдэгтехник, технологи нийлүүлэгчид болон худалдааны түншүүд, олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж байна. Энэхүү түүхэн ойн арга хэмжээг тохиолдуулан дэлхийн “Алдарт гурван тенор“-ын нэг, дуурийн дуучин, удирдаач,150 гаруй дүр бүтээсэн эклектик уран бүтээлч, Грэммигийн 12 шагналын эзэнПласидо Доминго, энэ цаг үеийн алдарт баритон, дэлхийдгайхамшигт хоолойгоороо эх орныхоо нэр хүндийг өндөртөргөж яваа Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин, олон улсад нэр хүнд нь тасралтгүй өсч буй үзэсгэлэнтсопрано Нина Минасян, орчин цаг үеийн хамгийн агуу тенор дуучдын нэг алдарт Ла Скала театрын дуучин Фабио Сартори, дэлхийд тэргүүлэх залуу удирдаач Гаэтано Ло Коко нарыг эх орондоо урьж, “Centennial Celebration” дуурийн сонгодог тоглолтыг зохион байгуулж байна.
Дэлхийд төдийгүй Монголын сонгодог урлагийн түүхэнд бичигдэх дэлхийн шилдгүүдийн ховорхон хослолыг энэхүү тоглолтоор хүргэх бөгөөд алдарт дуурийн дуучин Пласидо Доминго “Nemico della Patria”, “Perfidi! ... Pietà, rispetto, amore” зэрэг уран бүтээлээ Монголын тайзнаа амилуулах бол Монгол улсын Ардын жүжигчинЭ.Амартүвшин “Bizet Toreador, Carmen”, “No vecchio t’inganni... Sì, vendetta, Rigoletto” зэрэг уран бүтээлийг Монгол түмэндээ зориулах гэж байна.
Мөн урьд өмнө нь тайзнаа тоглогдож байгаагүй хосолсон уран бүтээлийг дэлхийн шилдэг дуурийн дуучид Монголд ийнхүү хамтран хүргэхээр боллоо.
Тоглолтын талаар алдарт дуучин Пласидо Доминго хэлэхдээ “Дуурийн урлагт хүчин зүтгэсэн 65 жилийн хугацаанд анх удаа Монголд тоглох гэж буй тул урилгыг хүндэтгэн хүлээж авсан. Ялангуяа тэртээ 2012 онд Пласидо Домингогийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлж байсан Э.Амартүвшин дуучин маань ер бусын онцгой авьяастай уран бүтээлч төдийгүй түүний хоолойн техник, ур чадварыг нэгэн тайзнаа мэдрэнэ гэдэгтээ туйлын их баяртай байна” хэмээсэн юм.
Монгол улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин:
-Амьд домог Пласидо Домингог эх орондоо авчрах мөрөөдөл маань биелж байна. Түүнийг Монголын өв соёл, үзэсгэлэнтэх орныг минь мэдрээсэй гэж хүсч байна.
Шунхлай группийн Ерөнхийлөгч, АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан:
-Монгол Улс үйлдвэрлэгч, экспортлогч, брэнд бүтээгч орон болохын төлөөх замнал АПУ компанийн туулж ирсэн зуун жилийн түүхтэй салшгүй холбоотой. Энэ түүхэн хугацаанд үеийн үед дэлхийн шилдэг технологи, инновацийг эрэлхийлж, үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлж, Монголын төдийгүй олон улсын хэрэглэгчдэд урлан бүтээсэн брэндээ хүргэж ирсэн. Тиймээс түүхэн 100 жилийн ойгоороо эрхэм харилцагч, хамтран ажиллагсад, хамт олон, хэрэглэгч та бүхэндээ дэлхийн сонгодог урлагийн домогт уран бүтээлчдийн охь болсон бүтээлүүдийг эрхэмлэн зориулж байна.
АПУ ХК-ийн 100 жилийн түүхийг хамтран бичилцэж буй эрхэм та бүхнийг Улаанбаатар хотын төв цэг, Сүхбаатарын талбайд 8-р сарын 3-ны 15:30 цагаас хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урьж байна.
“Үргэлж өөдөө”
АПУ Хувьцаат компани