Сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
Хурандаа Э.Товуудорж “Цагдаагийн байгууллагын 12 000 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Санал авах байрны хамгаалалтад 2198, замын хөдөлгөөний зохицуулалтад 1215, шуурхай удирдлагын штабт 5600, гэмт хэрэг зөрчил шалгах, сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах 2897 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Улсын хэмжээнд сонгуультай холбоотой 1104 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүний 665 нийслэлд, орон нутагт 431 мэдээлэл бүртгэгдээд байна. Гэмт хэргийн шинжтэй 420, зөрчлийн 684 дуудлагыг хүлээн авч, цагдаагийн байгууллага холбогдох ажиллагааг явуулж байна.
Өнөөдөр нийт 130 дуудлага мэдээлэл ирээд байна. Нийслэлд 79, орон нутагт 51 дуудлага бүртгэгдээд байна. Гэмт хэргийн шинжтэй 130 мэдээлэлд холбогдох шалгалтыг явуулж байна.
Гэмт хэргийн шинжтэй нийт 420 гомдол мэдээллийн ихэнх буюу 259 нь нэр дэвшигчийн талаар худал мэдээлэл тараасан тухай байна" гэсэн мэдээллийг өглөө.