МАН-аас Сонгуулийн төв штабаас АН иргэдийн сонголтод нөлөөлсөн олон хууль бус үйлдэл хийж байгаа талаар мэдээлэл хийлээ.
"Монгол төрийн сонгуулийн санал хураалт эхлээд 7 цаг өнгөрч байна. Сонгуулийн ирц 14.30 цагийн байдлаар 37 хувьд хүрсэн нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад өндөр ирцтэй, иргэд төрөө дээдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцож байна.
Харамсалтай нь АН-ын зүгээс удаа дараа хууль зөрчсөн үйлдэл гаргасан баримтууд ирж, нотлогдож байна. Тухайлбал, АН-аас зарим тойрогт мөрийн хөтөлбөртөө ороогүй худал амлалтуудыг мессежээр явуулж, иргэдийг төөрөгдүүлж байна. Өвөрхангай аймгийн Төгрөг, Тарагт суманд санал авах зорилгоор оюутнуудыг тэтгэлэгт хамруулна гэж худал амалсан хууль зөрчсөн үйлдэл гарлаа.
АН-аас бүх тойрогт мөнгө тарааж, хэрээс хэтэрлээ. Тухайлбал, Булган аймгийн АН-ын хорооныхон иргэдийн регистерийн дугаарыг тулгаж, мөнгө тараасан үйлдэл баригдаж, баталгаажлаа. Мөн Өвөрхангай аймгийн зах дээр АН-аас 150 000 төгрөг тараасан үйлдэл нотлогдлоо.
АН-аас дөрөвдүгээр тойрогт нэр дэвшигч Мөнгөнхуяг нь өөрийн нэрийн хуудсыг мөнгөтэй хамт гялгар уутанд хийж, өчигдөр зах худалдааны төвүүдээр иргэдэд тараасныг бичлэгээр баталгаажуулж, холбогдох байгууллагуудад өгөөд байна.
Арвайхээр сумын 8 дугаар багийн айлуудад 2024.06.26-ны орой АН-ыг дэмжээрэй гэж 300 000 төгрөг тараасан хууль бус зөрчил илэрлээ. Мөн АН-аас иргэдийн гар утас руу мессеж бичиж, ажиглаж, хянаж байгаа хэмээн иргэдийн сонголтод нөлөөлж, дарамталж байгаа хууль бус үйлдэл удаа дараа гарч байна.
Хүн зөөх үйлдэл ч маш их гарч байна. Тухайлбал, Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймагт дугааргүй машинаар сонгогчдыг зөөж, саналыг нь өгүүлж байгаа байдал удаа дараа ажиглагдлаа.
Тиймээс МАН-аас зөрчлүүдийн талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэж байна. Мөн сонгогчдын саналд нөлөөлж байгаа үйлдлээ зогсоохыг АН-аас албан ёсоор шаардаж байна.
Төрөө дээдэлж, ард иргэдээ хүндэлж, Монгол төрийн сонгуульдаа ил тод, шударга оролцохыг бусад улс төрийн намууд, нэр дэвшигчдэд уриалж байна.
Иргэд бүхний сонголт мэргэн, Монгол төрийн сонгууль шударга сайхан болох болтугай” хэмээн МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва мэдээллээ.