УИХ-ын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд байрлах хэсгийн хороонд саналаа өглөө.
Саналаа өгсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “1992 оноос хойш УИХ-ын сонгууль явагдаж, 9 дэх удаагийн сонгуулийг өгч байна. Энэ жил анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна. Энэ ойтой УИХ-ын сонгууль давхцаж байгаа нь онцлогтой болж байна. Одоогоос 100 жилийн өмнө манай ард түмэн Монгол Улс хаант, хамжлагат ёсыг халж, Бүгд найрамдах засаглалыг тогтоож, үндэсний ардчилсан үзэл санааг дэлгэрүүлж, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тэгш эрхтэй болгож, сонгох, сонгогдох эрхийг олгосон түүхтэй.
Энэ удаагийн УИХ-ын сонгууль хэд хэдэн зүйлээрээ онцлог. Өмнө бид 76 гишүүн сонгодог байсан бол энэ жил 126 гишүүн сонгож байна. Холимог тогтолцоог хэрэгжүүлж байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүсээрээ нэр дэвших боломжийг бүрдүүлсэн. Энэ нь Монгол Улсын цаашдын хөгжил дэвшилд ихээхэн ач холбогдолтой.
Мөн энэ удаагийн сонгууль 1992 оноос хойш анх удаа хамгийн олон нам, эвсэл, бие даагч нар оролцож байна. Нийтдээ 1341 хүн нэр дэвшсэн байна. Тэдгээрийн хамгийн залуу нь 25 настай бол хамгийн ахмад нь 79 настай байна. Нийт нэр дэвшигчдийн 40 орчим хувь нь эмэгтэй хүмүүс байгаа нь сайхан үзүүлэлт.
Ингээд УИХ-аа эмхлэн байгуулах, төрт улсаа төвхнөн засах их үйл хэрэгт Монголын ард түмэн бүгдээрээ оролцож, саналаа өгөх ёстой. Энэ бол Монгол Улсын иргэн танд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлж байна гэсэн үг. Төр улсаа төвхнүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Үүнээс хойшоо сууж болохгүй. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх ёстой.
Төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэж Үндсэн хуульд заасан. Тиймээс ард түмэн сонгох эрхээ хэрэгжүүлж, төрийн эрх барих дээд байгууллагын сонгуульд идэвхтэй оролцохыг улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хувьд нийт ард түмэндээ уриалж байна.
Та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе.
Төр түвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байх болтугай” гэлээ