Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт маргааш албан ёсоор эхэлнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу энэ удаагийн сонгуулиар Монгол Улсын парламент 126 гишүүнтэй болно.
Өмнөх найман сонгуулиас огт өөр, тогтолцооны шинэчлэл хийж буй энэ удаагийн сонгуулийг Монгол Улсын “Эргэлтийн цэг” хэмээн тодорхойлж болох юм. Тэр ч утгаараа сонгуулийн санал хураалтад Монгол түмний оролцоо хамгаас чухал. Сонгуульд нэр дэвшсэн 1400 орчим хүнээс 126 нь шигшигдэж, монголчуудын саналаар хууль тогтоох дээд байгууллагын гишүүн болно. Харин хэнд УИХ-ын гишүүн гэх алдрыг зүүж, төрийн түшээ болгох нь сонгогч олны эрх.
Иргэд сонгуульд хэдий чинээ идэвхтэй оролцож, саналаа өгнө, тэр хэрээр төрийн эрхийг барих эрхээ эдэлж байна гэсэн үг. Парламентын гишүүдийг томилдоггүй, сонгодог. Өөрөөр хэлбэл, Монголын парламентын 126 гишүүн бол Монгол түмний сонголт гэсэн үг. Тиймээс дөрвөн жилд нэг удаа тохиодог сонгох эрхээ эдлэхийг сонгогч олонд уриалж байна.
Нөгөө талаар энэ удаагийн сонгууль олон нэр дэвшигчтэй. Товчхондоо 126 хүн парламентын гишүүн болж, 1200 орчим хүн сэтгэл гонсгор үлдэнэ. Тэдний дундаас үймээн самуун үүсгэхийг санаархагчид байхыг ч үгүйсгэх аргагүй. Ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй нэр дэвшигчид иргэдийг “хөлдөө чирдэг”. Тиймээс аливаа жагсаал цуглаан, үймээн самуунаас хол байж, оролцохгүй байх нь чухал юм.
Сонгуулийн үр дүн бүү хэл, санал хураалт ч эхлээгүй байхад жагсаал цуглаан зохион байгуулна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байна. Энэ бүхэн нь иргэдийн санаа бодлыг үймүүлэх явцгүй үйлдэл бөгөөд аливаа өдөөн хатгалга, үймээн самуунд автахгүй байхыг залууст, иргэдэд сануулж байна.
Монгол Улсын энэ удаагийн сонгуулийг 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч ажиглана. Мөн CCTV, Bloomberg TV, Thomson Reuters, Asahi Shimbun, Xinhua News Agency, Буриад ТВ зэрэг гадаад улсын 12 хэвлэл мэдээллийн байгууллагын 27 сэтгүүлч сурвалжилж, олон улсад дамжуулахаар бэлэн байдлаа хангаад байна.
Дэлхийд “Ардчиллын Баянбүрд” хэмээн нэрлэгддэг Монгол Улс ардчилсан сонгуулиа хууль дүрмийн дагуу зохион байгуулж, иргэд нь идэвхтэй оролцдог гэсэн имижийг дэлхий нийтэд түгээх нь иргэд бидний үүрэг. Тиймээс ардчилсан үлгэр жишээ сонгуулийг дэлхий нийтэд харуулахын төлөө санал хураалтад идэвхтэй оролцож, эрхээ эдэлж, сонголтоо баталгаажуулахыг иргэддээ дахин уриалъя.
Б.Бат