ХЭҮК-оос сонгуультай холбогдуулан дөрвөн чиглэлээр мэдээлэл хийлээ.
1. УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлээд 9 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд иргэдийн дунд хүний хувийн мэдээллийг цуглуулах, ялангуяа овог, нэр, регистерийн дугаар, оршин суугаа газар, хаяг, холбоо барих утасны дугаарыг системтэйгээр цуглуулах ажил хавтгайрсан байна.
Регистерийн дугаараар тухайн хүнтэй холбоотой олон төрлийн хувийн мэдээллийг цуглуулж авах боломжтойг иргэд, сонгогчид анхаарах ёстой. Тиймээс хувийн мэдээллээ хамгаалахыг ХЭҮК-оос зөвлөж байна.
Хүний хувийн мэдээллийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр эсвэл хуурч мэхлэх, төөрөгдүүлэх замаар цуглуулах нь Хүний хувийн мэдээллийн тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болох тул нам, эвсэл, нэр дэвшигч, сонгуульд ажиллаж байгаа албан хаагчдад энэ төрлийн мэдээллийг цуглуулахгүй байхыг анхааруулж байна.
2. Сонгууль бол Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээгээр баталгаажуулсан улс төрийн эрх, эрх чөлөө бөгөөд аль улс төрийн нам, нэр дэвшигчийг сонгох нь сонгогчийн эрх. Монгол Улсын иргэд аль ч нам, улс төрийн эвслийг дэмжих, энэ талаарх мэдээллийг түгээх, өөрсдөө энэ итгэл үнэмшлийнхээ төлөө байр сууриа илэрхийлэх эрхтэй. Аль нэг улс төрийн хүчин, намын мөрийн хөтөлбөр, бодлогыг дэмжсэнийх нь төлөө ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах хууль бус үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Тиймээс иргэдийн энэ эрхэд хүндэтгэлтэй хандахыг зөвлөж байна.
3.Эрхээ хязгаарлуулсан иргэдийн сонгох эрхийг эдлүүлэхэд төрийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Албадан эмчлүүлж байгаа, баривчлагдан, цагдан хоригдсон хүмүүс Сонгуулийн хуульд заасны дагуу санал өгөх эрхтэй. ХЭҮК-оос Хорих 461 дүгээр ангид хийсэн хяналт шинжилгээгээр 260 орчим иргэн саналаа өгөх хүсэлтээ хорих байгууллагын удирдлагад өгсөн байна. Гэхдээ цагдан хоригдож байгаа хүмүүс сонгууль, нэр дэвшигчдийн талаар ямар ч мэдээлэлгүй байгаа нь тогтоогдсон. Энэ нь иргэдийн сонгох эрхийг зөрчих, бусдын нөлөөлөлд автаж сонголт хийх, сонгох эрхээ эдлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс энэ иргэдэд сонгуулийн талаар мэдээлэл өгөх нь зүйтэй.
4. Хугацаат цэргийн алба хаагчдад сонгуулийн талаарх мэдээллийг өгч, саналаа нууцаар, чөлөөтэй өгөх нөхцөлийг бүрдүүлэх, санал өгөхөд нь хөндлөнгөөс нөлөөлөх нь хууль бус үйлдэл болохыг эрх бүхий байгууллагуудад зөвлөж байгааг ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд мэдээллээ.