Цагдаагийн байгууллагад сонгуультай холбоотой 468 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 183, зөрчлийн 285 мэдээлэл бүртгэгдэж, 327 гомдлыг шийдвэрлэж, 141 гомдол, мэдээллийг шалгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт 162 гэмт хэрэг, зөрчил шалгагдаж байсан бол өнөөдөр 468 гомдол мэдээлэл болон өсчээ.
Цагдаагийн байгууллага 2024 оны УИХ-ын сонгуулийн талаарх гомдол, мэдээллийг бүртгэх нэгдсэн систем ажиллуулж байгаа аж. Энэ систем нь прокурорын байгууллагын сүлжээтэй холбоотой бөгөөд цагдаагийн байгууллагад өгсөн мэдээлэл прокурорт давхар бүртгэгдэх юм байна.
Гэмт хэргийн шинжтэй 183 гомдлын 117 нь сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараасан тухай байна. Харин зөрчлийн 285 гомдлын 35 хувийг сурталчилгааны самбар устгах, гэмтээсэн тухай буй аж.
Худал мэдээлэл тараах зөрчлийн ихэнх хувийг цахим орчинд бусдын нэр хүндэд халдах, гутаан доромжлох, худал мэдээллээр иргэдийг төөрөгдүүлэх гомдол эзэлж байна. Энэ төрлийн гомдлыг цагдаагийн байгууллага бүртгэж аваад, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хуурамч цахим хаяг, хууль бус мэдээлэл гэж үзвэл прокурорын байгууллагад хянуулж, ХХЗХ-нд хүсэлт хүргүүлдэг. ХХЗХ цаашаа Мета компани руу хүсэлт хүргүүлж, тухайн хаяг, мэдээлэлд хязгаарлалт тогтоох арга хэмжээнүүдийг авдаг.
Гомдол мэдээлэл улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч, түүний хууль ёсны төлөөлөгч, бие төлөөлөгч, иргэдээс ирж байна. Сонгуулийн тухай гомдол мэдээллийг тав хоногт багтаан, аль болох хурдан шуурхай шийдвэрлэж, иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөхийг зорьж байгаагаа ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Г.Пүрэвдэлгэр мэдээллээ.