Иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл Монгол Ардын намтай хамтын ажиллагааны санамж бичигт өчигдөр /2024-06-18/ гарын үсэг зурав.
Монгол Ардын нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэхүү мөрийн хөтөлбөрийг дэмжин иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Тодруулбал, эрчим хүч, хүнс, хөдөө, аж ахуй, зам тээвэр, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, уул уурхай, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, цахим хөгжил, барилга, хот байгуулалт, байгаль орчин, спорт, гадаад харилцаа зэрэг бүхий л салбарт ажилладаг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов. Энэхүү арга хэмжээг нээж Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үг хэлэв.
Тэрээр:
-Монгол Ардын нам улс төр болоод Засгийн газрын үйл ажиллагаа, УИХ-аас баталсан хууль тогтоомж гээд олон асуудалд иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг тусгаж, хамтарч ажиллахыг цаг үргэлж зорьж ажиллаж ирсэн. Үүндээ сонгуулийн жилд тодотгол хийж, үр дүнгээ тооцож, цаашид хэрэгжүүлэх ажил дээрээ санал бодлоо нэгтгэдэг онцлогтой. Өнгөрсөн хугацаанд мөрийн хөтөлбөр боловсруулахдаа та бүхний саналыг авч бодлогодоо тусгаж ирсэн туршлага байна. Мөн энэ сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа ч та бүхний саналыг авсан.
Энэ жилийн сонгууль Үндсэн хуулийн өөрчлөлтөд орсон үзэл баримтлалын дагуу ихээхэн онцлогтой болно. Нийгмийн олон талын төлөөлөл намын жагсаалтад орж нэр дэвших боломжтой болсон. Салбар бүрийн төлөөлөл шийдвэр гаргах төвшинд орж ажиллах боломжийг Монгол Ардын нам илүүд үзэж намын нэрийн жагсаалтын 48 нэр дэвшигчдэдээ ихээхэн анхаарсан. ШУА, МҮХАҮТ, МҮЭХ-ны тэргүүн болон гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн хуульч, инженер, анагаахын мэргэжилтнүүдийг оруулж чадсан. Цаашид төрийн олон үйлчилгээг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоодоор хийлгүүлэх бодлогыг түлхүү барина.
Мөн Монгол Ардын намын УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн зарим төлөөлөл мөрийн хөтөлбөрийн талаар товч танилцуулав.
Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги академийн захирал Д.Бумдарь:
-Мөрийн хөтөлбөрийнхөө дөрөв, тавдугаар бүлэгт иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог тусгасан учраас та бүхэн энэ бүлгийг сайн судлаарай. Нийслэл, хөдөө орон нутаг ихээхэн ялгаатай болсон. Их дээд сургуулийн 84 хувь нь нийслэлд, орон нутагт 16 хувь нь байдаг. Бүгд хотод сурч, хөгжих гэж ирдэг. Иймд бүсчилсэн хөгжлийн бодлогыг бүх салбарт тэргүүлэх чиглэлээр хөгжүүлэхээр мөрийн хөтөлбөрт тусгасан. Бүс бүр онцлогтоо тулгуурлан хөгжих боломжтой болох юм. Тухайлбал, говийн бүс байгалийн баялагтаа тулгуурлана. Төвийн бүс эрчимжсэн мал аж ахуй, зүүн бүс эдийн засгийн коридорыг бий болгох, хангайн бүс хөдөө аж ахуй хөнгөн хүнсний үйлдвэрлэлийг бий болгоно. Баруун бүс эко үйлдвэрлэл, эко эдийн засаг, хойд бүс аж үйлдвэр, аялал жуулчлалд тулгуурлана гэх мэтээр бүсчилэн хөгжүүлснээр ялгаатай хэв маягтай амьдралаас болж хөгжлөөс хоцрохгүйгээр тэгш боломжтой болох юм. Мөн нийслэлийг 20 минутын хот болгон хөгжүүлнэ гэж зорьсон. Сургууль, цэцэрлэг гээд 20 минутын дотор бүх үйлчилгээг авдаг болгон хөгжүүлэх боломжийг судалгаанд суурилж тусгасан.
Монгол Ардын Намын Хэвлэл мэдээллийн газрын дарга Г.Баярхүү:
-Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тэрбум ам.долларын дөрвөн салбарыг онцгойлон авч үзнэ гэсэн бодлогыг барьж байгаа. Нэгдүгээрт соёл, аялал жуулчлалын салбар бий. Ковидын дараа дэлхий нийтээр хямралтай байгаа үед “Welcome to Mongolia” гэх энгийн уриагаар аялал жуулчлалын салбарын сэргэлтийг эхлүүлсэн. Үүний дараагаар өөдөө тэмүүлэх буюу “Go Mongolia” гэсэн шинэчилсэн уриаг дэлхийд гаргаж сурталчилсан. Олон улсын олон байгууллагатай хамтарч ажилласан. Гол нь ирсэн жуулчдыг юугаар татах вэ гэдэгт нэлээд төвлөрсөн тул үр дүнд хүрч өнгөрсөн жил анх удаа 650 мянга гаруй жуулчин ирж, 1.4 тэрбум ам.долларын орлого олсон салбар болсон. Цаашид илүү хөгжүүлэх талаар мөрийн хөтөлбөрт тодорхой зүйлүүд тусгасан. Жилд хоёр сая хүртэлх тооны жуулчин авна, ингэхийн тулд агаарын тээвэр, дэд бүтцээ сайжруулах заалтууд мөрийн хөтөлбөрт орсон. Чөлөөт бүсүүдийг байгуулах, дөрвөн улирлын аялал жуулчлалтай болох бодлогыг нэлээд түлхүү баримталж байна. Ажил хэргийн аялал жуулчлал шинэ тутамд хөгжиж байна. Мөн байгалийн аялал жуулчлал ч бий. Контентын буюу соёлын аялал жуулчлалыг хэрэгжүүлээд хоёр жил дараалан нүүдэлчин Монгол наадам хэмээх томоохон наадмыг зохион байгуулсан.
Дараагийн тэрбум долларын салбар бол мал аж ахуй, хөдөө аж ахуй юм. Энэ салбарт “Шинэ хоршоо” хэмээх том хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. Хамгийн сүүлийн мэдээгээр улсын хэмжээнд 2330 хоршоо 80 гаруй тэрбумын хөрөнгө оруулалтын зээлээ аваад үйл ажиллагаандаа орсон байна. Хамгийн гол нь энэ салбараас эцсийн бүтээгдэхүүн гарах нь чухал байгаа юм.
Монгол Ардын намын дэргэдэх Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал:
-Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн хамгийн амбицтай заалт нь Монгол Улс Ази тивдээ хүний эрхийн төв болж ийм төвийг байгуулна гэсэн байгаа. Үүнд олон улсын байгууллагуудын дэмжлэг, түүнээс гадна манай иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн салбарт ажилладаг мянга, мянган сайн дурын идэвхтэн та бүхний маань хамтын ажиллагаа дэмжлэг үзүүлнэ гэж хүсэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нэлээд тусгагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүнээ, хүүхдээ харж байгаа байнгын асаргаа, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл үе шаттай явсаар ирсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй холбоотой хүртээмжийн тухай хуулийн төслийг үндсэнд нь боловсруулаад дууссан. Үүнийг батлах том үүргийг дараагийн парламент хүлээнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байнгын асрамжийн төвийг байгуулна, энэ төв цэвэр төрийн санхүүжилт биш төр хувийн хэвшлийн хамтарсан ямар загвар байж болохыг гаргаж хэрэгжүүлнэ. Энэ талаарх хэвшмэл ойлголтуудыг засах, хандлагыг өөрчлөхийг зорино. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхэлж болно, бодлого тодорхойлох үйл явцад оролцож болно, чадна гэдгийг нийгэмд ойлгуулах томоохон ажлыг хийхийг зорьж байна.