Сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг өсөх хандлагатай байна. Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хот болон Өмнөговь, Дархан-Уул аймгаас гурван бүлгийг илрүүлэн шалгаж байна. Тухайлбал:
1. Дархан-Уул аймгаас их хэмжээний хар тамхийг хууль бусаар олж авч, Улаанбаатарт хотод худалдан борлуулдаг Монгол Улсын таван иргэнийг өчигдөр дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ хэрэгт эмнэлгийн байгууллагын ажилтан оролцсон байж болзошгүй.
2. Монгол Улсын есөн иргэн бүлэг зохион байгуулалтад орж, БНХАУ-аас синтетик төрлийн их хэмжээний мансууруулах бодисыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн машинаар тээвэрлэн нэвтрүүлж, өөрсдөө хэрэглэж, бусдад худалдан борлуулж байсан гэмт хэргийг 05 дугаар сарын 30-ны өдөр илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Өмнөговь аймагт нүүрс тээврийн жолооч нар нойр сэргээдэг сэргээшийн төрлийн бодисуудыг хэрэглэж байна.
3.Хүүхэд залуусыг мансууруулах бодис хэрэглэхийг далд хэлбэрээр сурталчилдаг олны танил таван реппер бүлэг зохион байгуулалтад орж, мансууруулах бодис хэрэглэж байсныг 06 дугаар сарын 05-ны өдөр БЗД-ийн наймдугаар хороо, БГД-ийн 17, 19 дүгээр хорооноос баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэдгийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр мэдээллээ.
Цагдаагийн байгууллага 06 дугаар сарын 04-06-ны хооронд 19 хүнийг хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж байна. Гурван хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, бусад хүнийг гадуур шалгаж байгааг Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга Б.Батхуяг мэдээлэв.
ДЭМБ-ын аргачлалаар 15-64 насны 100 000 хүн тутмын 2.7 хувь нь хар тамхи хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Манай улсад 15-64 насны 2.3 сая иргэн бий. Энэ аргачлалаар тооцоход 60 000 орчим хүн хар тамхи хэрэглэдэг байж болзошгүй.
Цагдаагийн байгууллагад 5000 орчим хүн бүртгэгдсэн байна. Олон улсад нэг хэрэглэгчийн ард 4-6 хэрэглэгч байдаг гэж тооцдог. Ингэж тооцвол манай улсад 20-30 мянган хүн хар тамхи хэрэглэдэг байж болзошгүй гэсэн тооцоолол байдаг аж.
Сүүлийн таван жилд 1500 орчим хүн хар тамхины хэрэгт холбогдсон байна. Тэдний 92 хувь нь 35 хүртэлх насны хүүхэд, залуус бөгөөд 60 орчим хувь нь ажилгүй, орлогогүй, 58 хувь нь бүрэн дунд боловсролтой хүмүүс байна.
Цагдаагийн байгууллагаас
Хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаана явж байгааг анзаарах
Бусдын дайвар ачаа тээшийг авахгүй байх
Хар холбоотой аливаа гэмт хэрэг эсвэл хүүхэд нь сэтгэлзүйн хувьд тогтворгүй, сэжигтэй байвал 116 дугаарын утсанд мэдээлэхийг анхааруулж байна.