Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанааc нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг 2024 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг дуустал нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авав.
Ажлын хэсэгт 16 нам, 2 эвслээс 101 нэр дэвшигч, 3 бие даан нэр дэвшүүлэгч, нийт 104 иргэн дахин бүртгүүлэхээр баримт бичгээ ирүүллээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэр гаргана.