АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын дарга Л.Гантөмөр “АН УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд оролцоход бэлэн байна. Дүрэм журмын дагуу сонгуульд оролцох бүртгэлээ бүрэн хийсэн.
2016, 2020 оны сонгуульд АН ялагдаж, дөнгөж бүлгийн хэмжээнд очсон. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан. Энэ удаагийн сонгууль бол Монголын ардчиллыг байх, үгүйг шийдэх сонгууль гэдгээрээ онцлогтой.
Өнгөрсөн зургаан сарын хугацаанд АН-ын нийт гишүүд, бүлгийн зөвлөхүүд, удирдлагууд орон даяар 2-3 удаа бүтэн тойрсон. Ингэхдээ Монголын асуудал юунд байгааг маш нарийн тодорхойлж гаргасан. Энэ асуудлуудыг шийдэх парламентыг бид сонгох гэж байгаагаараа онцлогтой.
Монголын хамгийн том асуудал бол авлига, ажилгүйдэл, үнийн өсөлт, өрийн дарамт. Энэ асуудлуудыг шийдэх парламентыг сонгох нь АН-ын гишүүдийн санал, нийт ард түмний хүсэл. Монголын ард түмнийг өрийн дарамтаас чөлөөлөх нь манай 126 нэр дэвшигчийн гол ажил болох юм.
78 тойрогт манай 78 нэр дэвшигч өрсөлдөнө. Энэ 78-ыг гаргаж ирэхдээ бид 4 удаа судалгаа хийж, тойрогт танигдсан байдал, асуудал шийдэх шийдэл, ард түмний хүлээлт зэргийг судалсан.
Ард түмнээс тулгамдаж байгаа асуудлыг шийдэж чадах хүнийг явуулаарай гэсэн захиалга ирсэн. Тиймээс ялагдаагүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг, хэлмэгдсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг нэр дэвшүүлж байна.
Ард түмэн, шинэ залуу, нэр цэвэр улстөрчийг явуулаач гэсэн хүлээлт бий. Энэ хүлээлтэд хариулахын тулд бид хуучин засаг төрд ажиллаж байсан хүмүүсээ ихэнхийг нь хойш суулгасан. Манай 126 нэр дэвшигчийн 102 нь цоо шинэ хүмүүс байгаа.
Харин намын жагсаалтын 48 нэр дэвшигчид салбар салбарын төлөөлөл орсон. Улс төрийн туршлагатай 4-5 хүн орсон.
АН Монголын ардчиллыг хамгаалж, сонгуульд оролцоно. Намаас явуулсан нэрс, намын шийдвэр нэг байгаа. Одоо СЕХ-нд АН-ын нэр дэвшигчдийг бүртгэж авах процесс явагдаж байна" гэсэн байр суурийг илэрхийллээ.