Эрүүл мэндийн цахим үйлчилгээнд хэрэглэгддэг программд гацаж, эмч өвчтнүүдийн хооронд үл ойлголцол үүсэх нөхцөл байдал үүсээд байна.
Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас тодруулахад "И-Монголиа системийн мэдэгдэл хүлээн авах хэсэг гацсан" гэх мэдээллийг өглөө. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учрал ахлан ажиллаж байгаа. Гэвч цахим шилжилт сүүлийн саруудад эмч, өвчтнүүдийг бухимдуулдаг зүйл болон хувирчээ.
Энэ асуудалд одоогоор Цахим хөгжил Харилцаа холбооны яам болон яамны харъяа И-Монголиа системийн хариуцдаг албаны хүмүүс тодорхой тайлбар өгсөнгүй. Гэтэл өмнөх цахим шилжилт тааруухан үр дүнтэй байгаа энэ үед "Монгол Улсад бүртгэлтэй, эмчийн жороор олгодог эмийн хэрэглээ, зааварчилгааг цахим видео хэлбэрээр (AR) төрийн цахим үйлчилгээний eMongolia системээр танилцах боломжийг бүрдүүлэх" бас нэгэн төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.
Энэхүү төсөлд нийт 400 сая төгрөг төсөвлөж байгаагаа Цахим хөгжил, Харилцаа холбооны яам 2024 оны төсвийн жилийн Худалдан авах төлөвлөгөөндөө багтаасан байна. Н.Учрал сайдын ахалсан эрүүл мэндийн цахим шилжилт ийнхүү иргэд, эмч нарын бухимдуулж, шийдлээ хүлээж байгаа энэ цаг үед дахин татварын их хэмжээний мөнгө зарлагадан эм сурталчлах видеонд их хэмжээний мөнгө зарцуулах нь ээ.
Цахим шилжилт бол иргэдийн цагийг хэмнэж, түр шуурхай үйлчилгээ авах гол зорилготой үйлчилгээ. Гэвч ачаалал ихтэй улсын эмнэлгүүдийн үүдийг сахих иргэд хөгжүүлэлтгүй программ хэзээ ажиллаж эхлэхийг хүлээж дахин бухимдах нөхцөл байдал үүсээд байна. Иймээс Н.Учрал сайд аа, эхний программаа сайн хөгжүүлж, иргэдэд саадгүй үйлчилгээ үзүүлдэг болсны дараа их хэмжээний татварын мөнгөөр эмийн видео хийх ажилдаа орно уу даа.