Дотроо эвлэж чадаагүйгээсээ болж, сөрөг хүчний үүргээ дөрвөн жилийн турш хаясан АН-ын бүлэг сонгуулийн өмнө гэнэт сэрж, уриалга гаргах хүртлээ ухаарчээ. МАН-ыг олуулаа хүч түрдэг, бид цөөхүүлээ жулддаг хэмээн гоншигнохоос өөрийг хийгээгүй АН-ын бүлгийнхэн одоо ардчиллыг аврах гэнэ. Тэд өнөөдрийн хуралдаанаараа уриалга гаргаж, намын "хөгшчүүдээ" тойрогт очихыг, залуусыг жагсаалтад орохыг хүсэв.
Дөрвөн жилийн турш дотроо жийлцэж, МАН-ын болсон, болоогүй бүхний өмнө нүдэн балай, чихэн дүлий явсан АН-ынхан “Ардчилал, хүний эрх, чөлөөт эдийн засгийн тогтолцоо бүхэлдээ намаг балчигт шигдсэн энэ аюулын ирмэгээс улс, эх орноо татан гаргаж, 34 жилийн өмнө монголчуудын зүрх сэтгэлд асаасан найдварын галаа сэргээн өрдөж, иргэд, бизнес эрхлэгчдийн итгэлийг эргүүлэн авчрах үүрэг АН-ын гишүүд бидэнд ногдож байна” хэмээн сөрөг хүчний үүргээ сонгуулийн өмнө гэнэт ухаарчээ.
Дөрвөн жилийн турш парламентад сууж, ардчиллыг, чөлөөт эдийн засгийг, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг МАН-ынхантай хамт намаг балчигт шигдүүлчихээд одоо хэнээс бурууг эрж, хаанаас аврал эрээд байгаа юм бэ?!
Ардчилал нэрэнд жулдсан АН-ын улстөрчид 34 жилийн өмнө монголчуудын зүрх сэтгэлд асаасан итгэл найдварын галыг сэргээн өрдөж чадах уу?
Сонгуулийн нэг цикл буюу бүхэл бүтэн дөрвөн жил ардчиллын зарчмыг, сөрөг хүчний үүргийг хөсөр хаясан тэдэнд МАН-ын сүүдэрт гоншигнохоос өөр чадах юм үлдсэн үү?
Б.Хэрлэн