Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт 2024.05.06-ны өдөр ойн түймэр гарч, 7 га талбай шатсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран ойн гал түймрийг унтрааж, сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна.
Мөн Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Японы-Ам” гэдэг газарт ойн түймэр гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид хамтран ойн түймрийг унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар гал түймэрт 15 га орчим талбай өртөж шатсан байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын “Ар цант” гэдэг газарт ойр хээрийн хоёр түймэр гарч байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлах үндэсний төв илрүүлж, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газарт мэдээлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын байцаагч, орон нутгийн иргэдтэй хамтран түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод өнөөдөр 01:00 цагаас усархаг бороо орж эхэлжээ.
Уншиж байна |