Гадаад харилцааны сайд, МУЗН-ийн ерөнхийлөгч Б.Батцэцэг цас зудтай байгаа аймаг болон айл өрхүүдэд хүрч байгаа хүмүүнлэгийн тусламжийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Гадаад харилцааны яам, Улаанзагалмайн нийгэмлэг хамтарч ажиллаж байна. Энэ нийгэмлэгээр дамжиж малчдад хүргэгдсэн тусламж бол өнөөдрийн байдлаар 4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Олон улсын хандивын байгууллагууд болон НҮБ-аас яг ямар тусламж дэмжлэг үзүүлэх вэ гэдгээ өөрсдөө шийдэж байгаа. Нийт дүнгээр 15 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээ амласан. Зарим нь ирсэн, малчдад хүргэгдсэн бол зарим нь замдаа явж байгаа. Гадны улс орнууд нийтдээ анх 4,5 сая ам.доллар босгоё гэж ажилласан. Олон улсын байгууллагууд уриалга ч гаргасан. Тухайн улс оронд Монгол орныхоо цас зуд болон өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг танилцуулж байгаа. Хандив тусламжийг хурдтай хийж хэрэгжүүлсээр байна. Олон улсын байгууллагууд өөрсдөө эрсдлийн судалгааг хийж, төлөөлөгчдөө явуулж газар дээр нь ажилласан. Эхний ээлжинд 10 мянган айл өрхөд хүргэсэн. Мөн дараагийн тусламжийг ч 10 мянган өрхөд хүргэхээр ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар нийт 10 сая гаруй мал хорогдсон байна. Харин тусламж хүртэж байгаа хүмүүсийн мэдээллийг ил тод гаргахгүй. Олон улсын аудитын байгууллагаар шалгуулж байгаа. Тийм учраас бид ил тод мэдээллийг хангаж ажиллана. Улаанзагалмайн байгууллага бүх аймагт хүрч ажиллана. Хүмүүнлэгийн тусламж яг эзнээ олж очих ёстой. Тиймээс зарим газруудад иргэдэд бэлэн мөнгийг нь банкуудаар дамжуулан хүргэнэ. Үүнд ч хяналт тавина. Тусламж дэмжлэг үзүүлж байгаа гадны байгууллагуудад талархаж байна” гэлээ.