Дүүжин тээврийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх 03 дугаар сараас эхлүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Төслийн гүйцэтгэгчээр Францын “Пома” групп ажиллах бөгөөд тус компанийн бүрэлдэхүүн Улаанбаатарт ирээд байна.
Улаанбаатар хотод байгуулах дүүжин тээврийн ТЭЗҮ-ийг 2023 оны 08 дугаар сард батлуулсан байна. Одоо гүйцэтгэгч тал нарийвчилсан зураг төслөө боловсруулж байгаа аж. Нийслэлийн зүгээс дүүжин тээврийн буудлын газрыг өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэж өгчээ.
Дүүжин тээврийн шугам Энхтайваны өргөн чөлөөг Наадамчдын замтай шууд холбож, 4.2 км үргэлжилнэ. Нийт 19 цамхагтай, зорчих хугацаа нь 11 минут байна. Нэг бүхээг 10 хүний багтаамжтай бөгөөд нэг талдаа 2300 хүн тээвэрлэх боломжтой.
Төслийн нэгдүгээр үе шат: Нэг чиглэлд цагт 650 хүн зорчих 28 кабинтай байна.
Төслийн хоёрдугаар үе шат: Кабины тоог нэмж, нэг чиглэлд цагт 2300 хүн зорчино гэж тооцжээ.
Улаанбаатарын нөхцөлд тохируулж, дүүжин тээврийн кабины суудлыг халдаг байхаар төлөвлөж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих боломжтойг гүйцэтгэгч тал танилцууллаа.
Монгол-Франц улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд төслийг санхүүжүүлнэ. Зээлийн нийт хугацаа 40-өөс дээш жил, эхний 12 жилд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг чөлөөлсөн нэн хөнгөлөлттэй зээл гэдгийг Франц улсын Элчин сайд Себастиан Сүрүн хэллээ.