УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулж, хариулт авч байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл хоёр хүний хоорондын маргаан, толхилцоон биш юмаа. Энэ бол МУ-ын хөгжлийн асуудал, хөгжлийн хөдөлгүүр болсон хөрөнгө оруулалтын тухай асуудал юм. Энэ асуудлыг улстөржүүлээд хоёр хүний хоорондын маргааш юм шиг болгоод үүнийг тойрсон олон гүтгэлэг хий хоосноор зохиосон үлгэр явж байгаа. 10-аад жилийн өмнө манай улс экспортын зах зээл рүүгээ дэлхийн ихэнх орнуудад хэрэглэгдэг олон улсын царигаар төмөр зам барих асуудал яригдахад танк дүүрэн хятадууд ороод ирнэ гэдэг үлгэрийг зохиож, айлгасан. Ард иргэдийн нилээдгүй хэсэг нь ч итгэсэн. Эцэст нь МУ-ын хөгжил 10 жилээр хойшилсон. Олон тэрбум долларын хохирол МУ-ын эдийн засагт учирч, нүүрс өрсөлдөх чадваргүй болсон. Ийм нөхцөл байдлыг бий болгосон. Одоо энэ хуулийн төслийн асуудлыг танкны үлгэрийн хэлбэр лүү оруулах гэж байна. Энэ хуулийг баталбал танк дүүрэн хятад иргэд орж ирнэ гэдэг шиг суртал ухуулга явуулж байгаа нь туйлын хариуцлагагүй зүйл байдаг. Тухайн үед би жоохон олигтойхон дуугараад өгөхгүй явж гэж бодож, харамсаж явдаг. Хэрэв би тухайн үед үлгэр гэдгийг хэлж, чанга дуугарч байсан бол монголын нийгэмд эерэг зүйлүүд гарах байсан болов уу гэж харамсаж явдаг. Өнөөдөр танкны үлгэрийг зохиосон хүмүүс дахиад л гараад ирлээ. Одоо энэ асуудлыг хэлэлцэж, шийдэхгүй бол МУ-ын хөгжлийн дахиад хойш нь татах асуудал гарч ирнэ" гэлээ.