Нострадамус боловсролтой мэхлэгч үү, аугаа зөнч үү
2023-12-14

Одоогоос 520 жилийн өмнөх энэ өдөр буюу 1503 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нострадамус мэндэлжээ. Дэлхий даяар Нострадамус гэдгээрээ алдартай Мишель де Нотрдам Францын Сан-Реми хотод төрсөн, эмзүйч эмч, зохиолч, яруу найрагч, одон оронч, алхимич, зөгнөлүүдээрээ алдартай нэгэн юм. Түүний эцэг эх удам дамжсан нотариатчид байжээ. 

 

Нострадамусын талаарх сонирхолтой баримтууд

 

1519 онд 15 настайдаа тэрээр Авиньоны их сургуульд элссэн ч ердөө жилийн дараа хотод нь тахал дэлгэрч, их сургууль хаагдсаны улмаас сургуулиа орхижээ. Ингээд Нострадамус Франц, Итали, Испаниар аялж, эмийн ургамал судлаж, эмийн санчаар ажиллан, тахал туссан хүмүүст туслан найман жилийг үдсэн байна.

 

1529 онд Нострадамус дэлхийн хамгийн эртний анагаах ухааны сургууль болох Монпелье их сургуульд элсэн оржээ. Гэвч түүнийг эмийн санчаар ажиллаж байсныг нь сургуулийн захиргаа мэдсэнийхээ дараа түүнийг сургуулиас хассан байна. Тухайн үед энэ сургуульд эмийн санч хүн эмчийн мэргэжлээр суралцахыг хориглодог байсан аж.

 

Нострадамус хожим анагаах ухааны зэрэг цол авахаар дахин суралцсан эсэхтэй холбоотой маргаан одоо хүртэл байдаг, түүнийг анагаахын боловсрол олж авсан гэх нотолгоо байхгүй. Харин түүнийг сургуулиас хассан тухай, анагаах ухааны профессор Гийом Ронделет гарын үсэг зурсан шийдвэр одоо хэр нь Монпелье их сургуулийн номын санд хадгалаатай байдаг аж.

 

1544 онд Нострадамус эмчээр ажиллаж, 1546 онд Францын өмнөд хэсэгт тархсан тахалтай тэмцэж байжээ. Улмаар Экс-ан-Провансын парламент түүнд бүх насаар нь тэтгэмж олгох шийдвэр гаргаж байжээ.


Нострадамусыг ирээдүйг оновчтой зөгнөх хосгүй чадвартай хүн гэж үздэг ч эрдэмтэд түүнийг хосгүй чадвартай биш харин өнгөрсөн үеийн үйл явдал дээр тулгуурлан ирээдүйг таамагладаг байсан гэж үздэг юм. Нострадамусын тухай 10 гаруй ном бичсэн, хэл шинжээч, Кембрижийн мэргэжлийн орчуулагч Питер Лемесурьегийн өгүүлснээр, Нострадамус одон оронч, зөнч ч байгаагүй гагцхүү түүх давтагддаг гэдэгт итгэдэг нэгэн байсан гэнэ. Тэрээр хуучны ном судраас хэсэгчлэн авч, дараа нь ирээдүйд эдгээр үйл явдал давтагдана гэдгийг зөгнөхийн тулд одон орны тооцоолол ашигладаг байсан аж.

 

Хамгийн аймшигт зөгнөлүүд 

Нострадамусын олон зөгнөл биелсэн гэж үздэг. Гэхдээ тэрээр дөрвөн мөртөөр, далд утгатайгаар түүхэн үйл явдлыг зөгнөн бичдэг байсан тул түүний зөгнөлийг тайлж унших нь тийм ч хялбар биш. Нострадамусын талаар бичдэг зохиолч, шинжээчдийн үздгээр, түүний зөгнөлүүдээс яв цав биелсэн хэд хэдэн зөгнөл байдаг аж. 

 

III Генрих хааны үхэл: Нострадамусын зөгнөлд "залуу арслан хөгшнийг дийлнэ", "алтан торны цаадах нүдийг нь сүлбэнэ" (алтан тор гэдэг нь нүүр хаасан дуулгыг хэлсэн гэж үздэг) "хоёронтаа шархадна" зэргээр Генрих хааны үхлийн талаар зөгнөсөн гэгддэг. Улмаар 1559 оны зун ан авд дуртай III Генрих хаан хүлэг баатруудын тулаанд оролцох үеэр нэгэн цэрэг санамсаргүйгээр хааны нүдийг жадлачихсан гэнэ. Ингээд хүнд шархадсан хаан удаан зовж тарчлан, шарх нь хүндэрсээр таалал төгсжээ. 

 

Гитлер төрийн эрхэнд гарсан:  "Европын баруун хэсэгт ядуу айлд хүүхэд төрнө. Тэр хэл яриагаа ашиглан араасаа их цэрэг дагуулж, Европын нутгаас ч хальж нэр алдар нь цуурайтна" гэсэн зөгнөл Нострадамусын зөгнөл дунд байдаг аж. Энэ нь Гитлер төрийн эрхэнд гарсныг зөгнөжээ.

 

Хирошима, Нагасакигийн эмгэнэлт явдал: Нострадамусын зөгнөлийн шүлэглэн бичсэн мөртийг багцаалан хөрвүүлсэн бичигт "Урьд хожид байгаагүй гай гамшиг хоёр хотод тохионо" гэсэн өгүүлбэр байдаг аж. Түүнчлэн "ган төмрийн улмаас амиа алдсан хүмүүс", "тахлын үеийн өлсгөлөн" гэсэн үгс ч байдаг гэнэ. Энэ нь Японы Хирошима болон Нагасаки хотууд бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны үед эдгээр хотууд дээр цөмийн цохилт өгсөн юм. "Ган төмрийн улмаас амиа алдсан" гэдэг нь "төмөр шувуу" гэгддэг онгоц бөмбөг хаяснаас үүдэлтэй үхэл, харин тахал гэдэг нь цацрагаас үүдсэн өвчлөлийг хэлсэн эгж шинжээчид үздэг юм байна.

 

Кеннедигийн үхэл: АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедигийн үхэл ХХ зууны хамгийн чухал үйл явдлуудын нэгд тооцогддог. Нострадамус энэ үйл явдлыг "Аугаа хүний дээрээс хорон муу зүйл бууж ирнэ", "гэм зэмгүй талийгаачийг гэмт хэрэгт буруутгана" хэмээн зөгнөсөн гэдэг. Жон Кеннедиг хөнөөсөн хэрэгт Харви Освальдыг буруутгадаг. Гэхдээ түүнийг гэм буруутай гэдэгт одоо хүртэл олон хүн эргэлздэгийн дээр түүнийг нөхцөл байдлын золиос болсон гэж үздэг юм.

 

2023 оныг хэрхэн зөгнөв? 

 

Нострадамус 3797 он хүртэл зөгнөл бичсэн гэж байсан ч түүний номыг тайлж хөрвүүлэгчид хоёр дахь мянганаас цааш зөгнөл байхгүй гэж үздэг. Түүнчлэн цаг хугацааны дараалал, огноо бичигдээгүй, дөрвөн мөртөөр далд утгаар шүлэглэсэн байдаг нь тайлж уншихад хүндрэлтэй байдаг юм. Гэхдээ Нострадамусын зөгнөлийг хөрвүүлэн тайлдаг мэргэжилтнүүдийн өгүүлснээр 2023 онтой холбоотой хэд хэдэн зөгнөл биеллээ олжээ.

 

Байгалийн гамшиг: Дэлхий дээр үер ус, ган гачиг, газар хөдлөлт гээд сүйрэл дагуулсан байгалийн гамшгууд ар араасаа тохионо гэж Нострадамус зөгнөж байжээ. Үнэхээр ч ийм үйл явдал ар араасаа болсон юм. Тухайлбал, Туркэд 2023 оны хоёрдугаар сард хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 50 мянган хүн амиа алдаж, 105 мянга гаруй хүн хохирсон. Энэ газар хөдлөлт Сирид ч мэдрэгдэж, энэ улсад 8000 гаруй хүн амиа алдсан юм. Түүнчлэн Марокко, Афганистан, Балба, Шинэ Зеланд, Индонези болон бусад орнуудад ч газар хөдлөлт болж байлаа.

 

Үүний зэрэгцээ Европт хоёр жил дараалан хэт халж, ган гачиг тохиосон юм. Швейцарт гэхэд 2000 гаруй жилийн настай мөс хайлж, харин Испанид 40 хэм даван халж, Канарын арлууд шатаж байлаа. Мөн АНУ-д гал түймэр хаа сайгүй тархаж, Хавайд наймдугаар сард түймэр тархсан нь тус мужид сүүлийн зуун жилд тохиосон хамгийн ноцтой гамшиг байсан юм. Гал түймрийн улмаас хохирсон орнуудын тоонд Орос, Португали, Грек, Турк, Испани гээд олон орон багтана. 

 

Үер усны гамшиг ч хаа сайгүй тохиож байлаа. 2023 оны хавар АНУ-ын олон муж үерт авдсан бол намрын эхээр Ливи үерийн гамшгийн улмаас 20 мянган хүнээ алдаж, харин Энэтхэгт 2023 оны зургадугаар сарын эхээр үерийн гамшиг тохиосон юм. Түүнчлэн Итали, Испани, Словени, Конго, Грек, Болгар, Малайз, Саудын Араб зэрэг олон орон, мөн манай улсад ч үерийн гамшиг нүүрлэж байв.

 

Зэвсэгт сөргөлдөөн: Нострадамусын зөгнөлд энэ онд зэвсэгт сөргөлдөөн гарна гэж өгүүлсэн байдаг аж. Энэ нь 2023 оны 10 дугаар сард эхэлсэн Израил, Палестины хоорондын дайн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.

 

Ерөнхийлөгчийн өвчин: Америкийн Ерөнхийлөгчийг өвчин тусна гэж Нострадамусын 2023 онтой холбоотой зөгнөлд гардаг гэж олон хэвлэл мэдээлж байв. Үүнийг баттайгаар нотлох баримт байхгүй. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өвдсөн, ой ухаан нь муудсан гэх зэрэг мэдээллүүд хэвлэлүүдээр байнга гардаг юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
za zail aa
2023-12-14
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-14
za zail aa