Пүрэв гарагт Буриадын Байкал нисэх буудлаас хөөрсөн ачаа тээврийн онгоц хөөрсний дараа хөдөлгүүр нь шатсаны улмаас эргэн газардахаас аргагүй болсон талаарх мэдээлэл гарч байлаа. Ердөө нэг хоногийн дараа Орост дахин ийм тохиолдол гарчээ.
Shot сувгийн мэдээлснээр, Оросын агаарын тээврийн онгоц хөөрсний дараа хөдөлгүүр нь шатсаны улмаас Новосибирскийн нисэх буудал дээр шуурхай газардсан байна. Новосибирск -Москва чиглэлийн S7 нислэг орон нутгийн цагаар 06:20 цагт хөөрсөн ч онгоц өндрөө авах үед онгоцны хоёр хөдөлгүүр шатаж эхэлжээ. Ингээд онгоцны экипажийнхан яаралтай газардуулж, нисэх буудал дээр шуурхай алба, техникийн мэргэжилтнүүд онгоцыг угтаж, зорчигчдыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлсэн байна.
Энд дуулгахад, Украин руу довтолсны хариуд Барууны хоригт орсны улмаас Оросын нисэхийн салбарт хүндрэлтэй асуудлууд ар араасаа гарах болсон юм. Ердөө энэ сар гарснаас хойших хугацаанд гэхэд л Оросын агаарын тээврийн компанийн таван онгоц нислэгийн үеэр эвдэрсэн тохиолдол бүртгэгджээ.
Тухайлбал, өнгөрсөн бямба гарагт Москваг чиглэн нисэж явсан, Аэрофлот компанийн AirbusА321 онгоцны хөдөлгүүр эвдэрч, унтарсны улмаас яаралтай газардаж байв. Түүнчлэн 12 дугаар сарын хоёрны өдөр Тюмений нисэх буудал дээр мөн л зорчигч тээврийн онгоц нислэг үйлдэх үедээ эвдэрч, яаралтай газардаж байлаа. Мөн энэ хэргээс өмнө Аэрофлот компанийн гурван онгоц мөн л хөдөлгүүр гэмтсэн шалтгаанаар шуурхай газардаж байжээ. Улмаар Оросын зарим агаарын тээврийн компаниуд тодорхой чиглэлийн нислэгүүдийг түр зогсоосон талаар хэвлэлүүд мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |