Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй дүүрэг болох Хондэ, Тондэмуныг холбосон чиглэлд нийтийн тээврийн автобусыг нэмэгдүүлж, шөнийн цагаар үйлчилгээнд явуулдаг болжээ.
KBS телевизийн мэдээлснээр, 12 дугаар сарын дөрөвний өдрөөс эхлэн хоёр автобус шөнийн цагаар үйлчилгээнд явж эхэлсэн бөгөөд эдгээр нь жолоочгүй гэдгээрээ онцлогтой гэнэ. Хотын захиргааны мэдэгдсэнээр, эхний ээлжинд жолоочгүй автобуснууд ажлын өдрүүдэд 23.30-05.10 цаг хүртэл үйлчилгээнд явах аж. Жолоочгүй автобусанд зогсож явах хориотой, бүх зорчигчид суудалд сууж, аюулгүйн бүс зүүх ёстой юм байна.
Ингэснээр Сөүл хот жолоочгүй шөнийн автобус явуулсан анхны хот болж байгаа юм. Эдгээр автобусыг Huyndai Motor компанийн үйлдвэрт Elec City загварын автобусан дээр тулгуурлан бүтээсэн аж. Жолоочгүй автобусанд үйлчилгээ үзүүлэх хоёр мэргэжилтэн явах бөгөөд нэг нь жолоо барихгүй ч жолоочийн суудалд сууж зорчих гэнэ. Мөн энэ автобус энгийн автобустай харьцуулахад хурд бага, цагт 30-40 км.цагийн хурдтай, урд яваа машинаас аюулгүйн зай барьж явах юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |