Энэ сарын хоёрны өдөр Парисын төвд нэгэн этгээд хутга барин бусад руу халдаж, нэг хүнийг хөнөөж, хоёр хүнийг шархдуулжээ. Энэ талаарх мэдээллийг Ройтерс агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээдийн гарт Германы жуулчин амиа алдаж, өөр хоёр хүн шархадсан гэж Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманен мэдэгджээ.
Халдлага үйлдсэн этгээд нь 1997 онд төрсөн, Францын иргэн аж. Тэрбээр баривчлагдахын өмнө "Аллах акбар" хэмээн хашгирч байжээ. Баривчлагдсаныхаа дараа тэрбээр афганистан болон Палестинд мусульманчууд амиа алдаж байгааг зүгээр хараад сууж чадаагүй хэмээн өгүүлсэн гэнэ.
Өмнө нь, 2016 онд тэрбээр дөрвөн жилийн хорих ял сонсож байжээ. Халдлага үйлдсэн этгээд сэтгэцийн хүнд хямралтай, эм уудаг байсан тул Дотоодын аюулгүй байдлын ерөнхий газрын байнгын хяналтад байдаг аж. 2022 оны зун тэрбээр эмчилгээгээ зогсоосон. Үүний дараа эмч нар түүний зан байдал эрсдэл дагуулахуйц байгаа талаар хэдэнтээ мэдэгдэж байсан ч хууль сахиулагчид түүнийг саатуулах ямар нэг арга хэмжээ аваагүй байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |