ХАМАС дахин зургаан хүнийг олзноос суллажээ
2023-12-01

ХАМАС, Израил сар гаруйн хугацаанд дайтсаны эцэст өнгөрсөн долоо хоногт хэлэлцээр байгуулан, гал зогсоохоор болсон. Гал зогсоох хугацааг анхандаа дөрөв хоногоор тохиролцсон ч дахин хоёр хоног сунгаж, улмаар сунгасан хугацаа дуусах дөхөх үед дахин нэг хоногоор сунгаж, 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал эвлэрэл үргэлжлэхээр болсон юм. 

 

Эвлэрлийн хугацааг дахин сунгасан өдөр буюу 11 дүгээр сарын 30-ны өдөр ХАМАС бүлэглэл олзноос дахин зургаан хүнийг суллаж, Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчдөд хүлээлгэн өгсөн талаар ЦАХАЛ-ын хэвлэлийн алба Телеграм хуудсандаа мэдээлсэн байна. 

 

Хэвлэлийн албаны мэдээлснээр, 11 дүгээр сарын 30-ны өдөр суллагдсан зургаан хүн Египетийн боомтоор дамжин Израилыг зорьсон бөгөөд авулгүй байдлын албаныхан тэднийг хэн болохыг тогтоох аж. Үүнээс өмнө ХАМАС хоёр олзны хүнийг Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчдөд хүлээлгэн өгсөн юм. Суллагдсан хүмүүс нь хоёр эмэгтэй байсан бөгөөд тэдний нэг нь Францын иргэн байсанд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон талархал илэрхийлж байв. 

 

Олзноос хүмүүсийг сулласны хариуд ХАМАС бүлэглэл Израилын талаас палестин хоригдлуудыг хүлээж авч байгаа. Цаашид өдөр бүр тодорхой тооны хүн сулласан нөхцөлд гал зогсоох хугацааг сунгах боломжтой гэж талууд мэдэгдэж байсан. Сүүлд сунгасан хугацаа өнөөдөр дуусна, харин талууд дахин гал зогсоох хугацааг сунгах эсэх талаарх мэдээлэл гараагүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Барьцааны:
Эдгээр хүн олздогдсон бус, барьцаалагдсан хүмүүс юм.
2023-12-01