Хуучин ногоон автобусны дуулианаар автобусны тендер цуцлагдаж дахин тендер зарласан. “Нийтийн тээврийн автобус ” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендерт нийт таван компаниас санал ирүүлээд байна.
Тодруулбал, “Майнс ап” ХХК, Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd, Yutong Bus Co.,Ltd-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээжээ. Харин Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd-н хувьд 300,000 ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлсэн бол China North Vehicle Corporation LTD-н зүгээс тендерийн баталгааны санал ирүүлээгүй байна. Хуулийн дагуу тендерийн баталгаа ирүүлээгүй компанийг Үнэлгээний хорооноос шалгаруулах боломжгүй байдаг. Тендерийн баримт бичиг боловсруулж, тендер зохион байгуулан, нээх чиг үүрэгтэй эхний Үнэлгээний хорооны ажил өнөөдрөөр дуусаж, баримт бичгүүдэд үнэлгээ хийх үүрэгтэй дараагийн Үнэлгээний хороог Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас байгуулах юм.
Тэгвэл эдгээр компаниудын эзэмшигчдийн мэдээллийг хүргэе.
“Майнс ап” ХХК - 178,817,556,720 төгрөг
-2009 байгуулагдсан тус компанийн гүйцэтгэх захирлаар Н.Бямсүрэн ажилладаг. Уул уурхай, барилга, дэд бүтцийн томоохон төслүүдтэй хамтран ажиллаж, тоног төхөөрөмжүүд нийлүүлдэг.
Моннис-Интернэшнл компанийн хувь эзэмшилтэй аж. Б.Чулуунбаатар нь эцсийн өмчлөгч нь. Тус компанийн хувьд өмнө нь төрийн 186 худалдан авах ажиллагаанд саналаа хүргүүлж, 30 орчим хувьд нь ялалт байгуулсан байна. Моннис групп нь Хөгжлийн банкны зээлтэй. Өнөөдрийн байдлаар анхаарал хандуулах ангилалтай байгаа бөгөөд 104 тэрбум төгрөгийг төлөөгүй байна.
Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd - 147,686,834,611 төгрөг
-Хятадын автомашины салбарын шилдэг брэндийн компаниудын нэг. Жилд том, дунд оврын автобус 20000 ширхэг, микроавтобус 30000 ширхэг үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус компанийн үйлдвэрлэсэн автобусны нийт тоо 570,000-аас давж, үүнээс 120,000 гаруй нь дэлхийн 140 гаруй улс орон, бүс нутагт экспортлогдсон байна.
Yutong Bus Co.,Ltd - 165,589,920,000 төгрөг
-Тус компанийн хувьд 40 гаруй улс орон, бүс нутагт 87,000 автобус экспортолсон нь дэлхийн зах зээлийн 10 гаруй хувийг эзэлж байна.
Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd - 156,932,775,600 төгрөг
-30 гаруй жилийн түүхтэй компани. Дунд оврын тансаг зэрэглэлийн автобус, хөнгөн фургон үйлдвэрлэх, борлуулах чиглэлээр мэргэшсэн. Жилдээ 40,000 гаруй автобус үйлдвэрлэх хүчин чадалтай.
China North Vehicle Corporation LTD - 52,602,468 төгрөг
-Тус компани нь тендерийн баталгааны санал ирүүлээгүй байна. Хуулийн дагуу тендерийн баталгаа ирүүлээгүй компанийг Үнэлгээний хорооноос шалгаруулах боломжгүй байдаг