Таиландын Үнэт чулуу, гоёл чимэглэлийн хүрээлэн тус улсад алт хуурамчаар хийх шинэ аргыг илрүүлжээ. Энэ аргаар хийсэн алтан эдлэлийг тусгай төхөөрөмжгүйгээр хуурамч гэдгийг тодорхойлох аргагүй гэнэ.
Нүдээр харж, бусад байдлаар ялгах боломжгүй хуурамч алтан эдлэл олширсон тул шинжээчид жуулчдад хандан Таиландаас алтан гоёл чимэглэл худалдан авахгүй байхыг анхааруулжээ. Луйварчид зэвэрдэггүй гангийн нунтагийг алттай хольж, жинхэнэ алтан эдлэл мэт харагдуулах гоёл чимэглэл хийдэг болсон талаар The Thaiger мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, ийм хуурамч алтан эдлэлийг ялгахын тулд тусгай төхөөрөмж хэрэгтэй, шаардлагатай тоног төхөөрөмжгүй лабораториуд ч хуурамчийг жинхнээс нь ялгах боломжгүй гэнэ. Тиймээс жуулчдад хандан гагцхүү тусгай зөвшөөрөлтэй, чанарын гэрчилгээтэй газраас үнэт эдлэл худалдан авахыг уриалжээ.
Г.Бямбасүрэн