Хотын даргын томилгоог хэлэлцэх НИТХ-ын ээлжит бус XV хуралдаан эхэллээ. Хуралдаанд 45 төлөөлөгчийн 42 нь оролцож байна. НИТХ-ын төлөөлөгчид хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатараас асуулт асууж, хариултаа авч байна.
Нийслэлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын тухай төлөөлөгчдийн асуултад нэр дэвшигч Х.Нямбаатар дараах хариултыг өглөө.
Тэрбээр “1990-ээд оны сүүл хүртэл Улаанбаатар 600 орчим мянган хүн амтай байсан. Би улс төрийн шийдвэр гарсны дараа нийслэл хоттой холбоотой статистик баримтуудыг үзсэн. Нийслэл өнөөдрийн байдлаар 1.7 сая хүн амтай байна. 1970-аад онд хийгдсэн Улаанбаатар хотын III ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатар 500 орчим мянган хүн амтай, 80 гаруй мянган тээврийн хэрэгсэлтэй байхаар ерөнхий дэд бүтэц, инженерийн барилга байгууламж хийгдсэн. 1990-ээд оноос хойших шилжилт хөдөлгөөний шууд нөлөө Улаанбаатарын механик өсөлт нэмэгдэхэд хүргэсэн. Хүн амын механик өсөлт эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, хөрс ус, агаарын бохирдлын үндсэн шалтгаан болсон. Үүнийг бид хамтдаа шийдэхээс өөр гарц, арга зам байхгүй.
80 мянган машины багтаамжтай замаар өнөөдөр 650 000 тээврийн хэрэгсэл зорчиж, өнөөдрийн түгжрэлийн үндсэн шалтгаан болж байна. Автомашины тоог ямар нэг байдлаар хязгаарлаж, одоогийн түвшинд түгжрэлийг хэрхэн шийдэх, хаана шинээр зам тавих, нийтийн тээврийн асуудлыг хамтдаа шийдэх ёстой. Бид үнэнтэй нүүр тулах, түүнийг шийдэхийн төлөө улс төрийн болон захиргааны шийдвэр гаргахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон.
Улаанбаатар хотын замын дундаж хурд 5 км/ц-аас доош орох гэж байна. Дэлхийн дундажаар 11 км/ц-аас дээш хурдтай байвал түгжрэл багатай гэж үздэг. Жилд 20-30 мянган машин автоматаар нэмэгддэг. Иргэдийн машин худалдан авалтыг хязгаарлахаас илүүтэй нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломж нөхцөлийг бий болгох захиргааны болон бусад шийдвэрийг гаргана.
Бид шахмал түлшний үйлдвэрийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлогоос татгалзах хэрэгтэй. Жил бүр шахмал түлшний үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж, түлшнээс өөр агаар бохирдуулахгүй шийдлийг нэмэгдүүлэх шинэ бодлого руу явах ёстой. Дахин төлөвлөлтийн бодлогыг эргэж харъя" гэсэн хариултыг өглөө.
Мөн тэрбээр "НИТХ өнөөдөр намайг дэмжиж, Ерөнхий сайд захирамжилсан тэр цаг үеэс хойш нийслэл хотын хөгжил цэцэглэлт, их хотын сайн сайхан амьдралын төлөө өөрийн бодож санаж байгаа бүх зүйлээ тооцоо судалгаатай, мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжтэйгээр НИТХ-д танилцуулж, шийдвэр гаргана.
Би шийдвэр гаргахыг илүүд үздэг. Судалъя, эргэж ярилцъя гэж хойш нь тавих бодол надад байдаггүй. Би шийдвэр гаргахаас ерөөсөө айдаггүй" гэв.
Уншиж байна |