Х.Булгантуяа: Хүүхэд бүрийг бүртгэлийн цахим системтэй болгоно
2023-10-11

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө.

 

Тэрбээр “Монгол Улс 1.2 сая хүүхэдтэй, тэд нийт хүн амын 36.2 хувийг эзэлж байна. Нийгмийн халамж шаардлагатай 36 000, эрсдэлт нөхцөлд амьдардаг 14 000 хүүхэд байна. Цар тахлын үед энэ үзүүлэлтүүд нэмэгдсэн.  

 

Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байна. Энэ нөхцөлд хүүхэд хамгааллын байгууллагаас очиж ажиллахаас өөр аргагүй байдаг. Гэр бүлийн хэн нэгэн нь хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд төр оролцож, хүүхэд хамгаалах үүргийг гүйцэтгэдэг.

 

Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд энэ оны эхний найман сард ирсэн 70 000 дуудлагын талаас илүү хувь нь хүүхдийн эрх зөрчигдсөн, хамгаалалт шаардлагатай тухай байдаг.  

 

Хүүхэд хамгааллын тухай хууль 2016 онд батлагдаж, хүүхэд хамгааллын бүтэцтэй болсон. Хууль шинэчлэн батлагдсанаар асуудал “өргөс авсан” мэт шийдэгдэхгүй.

 

Энэ хуулийн хүрээнд хүүхэд бүрт төрсөн цагаас нь эхлэн хүүхэд хамгааллын цахим системтэй болгоно. Одоо бол амьдарч байгаа газар, сургуулиар нь бүртгэдэг. Хөдөө орон нутагт хүчирхийлэлд өртсөн хүүхэд Улаанбаатарт ирэхэд хаана ирснийг нь бид мэддэггүй. Хүүхэд бүр цахим бүртгэлтэй болчихвол хүүхдийн эрсдэл буурна. Энэ цахим системд сургууль, хорооны нийгмийн ажилтан, эрүүл мэнд, цагдаа, гэр бүл хүүхэд хөгжлийн байгууллагынхан хандах эрхтэй байна. Гэр бүлийн орчинд нь архидан согтуурах, хүчирхийллийн хэрэг үйлдэгдээд байвал цагдаагийн байгууллага анхаарлын тэмдэг тавихад хороо, сургуулийн нийгмийн ажилтан анхаарал тавьж, хяналт тавих ёстой.

 

Мөн анх удаа үе тэнгийн дээрэлхэлтийг хуульчилж өглөө. Энэ чиглэлээр хүүхдүүдийг тусалж дэмжих, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, эцэг эхтэй нь хамтран ажиллахаар хуульд тусгасан" гэсэн мэдээллийг өглөө. 

Shuud.mn
Сонин хачин