ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд БНСУ-ын Элчин сайдын яаманд хандлаа. Тэрбээр БНСУ-ын Zyl Daewoo компани хил дамнасан луйварын чанартай ажиллагаанд оролцсон эсэхийг прокурорын газраараа шалгуулах хүсэлтийг тавьж байна. Татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар зарцуулсан байж болзошгүй үйлдэлд хамтарч ажиллахыг хүссэн байна.
Түүний хүсэлтийг ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүд БНСУ-ын Элчин сайдад уламжиллаа. ХҮН-ын НИТХ дахь бүлгийн дарга Д.Гантулга "Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, хотын дарга Д.Сумъяабазар нар өчигдөр огцорсон. Энэ асуудлыг Монголын талаас тендерийн хуулиар явуулаагүй, нууцад оруулж шууд худалдан авалт хийсэн. Оруулж ирсэн автобусууд нь шаардлага хангаагүй. Монгол-БНСУ-ын хооронд хийгдсэн энэ худалдаа хид дамнасан, мөнгө угаах гэмт хэргийн шинж чанартай байж болзошгүй хэмээн ТЕГ, АТГ-т хандаад байна. Мөн БНСУ-ын Элчин сайдын яаманд хүсэлт өглөө. Олон улсын харилцааны асуудал учраас гадны улсын Элчин сайдын яамыг шахаж, шаардах боломжгүй.
Алдаа гаргаад огцорсноор асуудал шийдэгдэх ёсгүй. Хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг олж авахаас гадна буруу үйлдэл хийсэн хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Хуульч О.Батхүү “Монгол Улсын татвар төлөгчдийн 16 сая ам.доллар гэрээний урьдчилгаа болж БНСУ-ын компани руу шилжүүлсэн байна. Гэтэл энэ компани нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр дампуурсан. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн эрхгүй болсон компани руу мөнгө орсон байна. Яагаад дампуурсан компани руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн вэ. Энэ мөнгө буцаж олдох эсэх нь эргэлзээтэй байна.
Солонгосын талаас хоёр хүн Тэнүүн Огоо ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байгаа. Энэ хүмүүс ямар учиртайг тодруулахаар БНСУ-ын ЭСЯ-нд хандаж байна.
Б.Хэрлэн