ОХУ Украинд дайн эхлүүлснээс хойш Европын орнууд Украинд төрөл бүрийн тусламж үзүүлж, зэвсэг нийлүүлсээр байгаа. Харин Польш улс цаашид Украинд зэвсэг нийлүүлэхгүй байхаар шийджээ. Энэ талаарх мэдээллийг ТАСС агентлаг дамжуулсан байна.
Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкийн мэдэгдсэнээр, Польш цаашид Украинд зэвсгээр туслахгүй, Польшийн арми өөрсдөө шинэ зэвсэгтэй болох ажлыг эрчимжүүлж байгаа гэнэ.
Энд дуулгахад, Украин, Польшийн харилцаа яг одоо эгзэгтэй шатанд байгаа юм. Учир нь Польш Еврокомиссын шийдвэрийг үр харгалзан Украинаас үр тариа авахыг хориглосон. Ийм шийдвэрийг Унгар, Словак ч гаргасан бөгөөд энэ нь дотоодын фермерүүдийнхээ эрх ашгийг хамгаалахтай холбоотой гэж эдгээр орнууд тайлбарласан юм.
Үүний дараа Украин эдгээр орнуудын тодорхой бараа бүтээгдэхүүнд хориг тавьж болзошгүй гэж Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдэгдэж байлаа. Түүнчлэн энэ сарын 18-ны өдөр Украин улс үр тарианд нь хориг тавьсан Польш, Унгар, Словакийн эсрэг Дэлхийн худалдааны байгууллагад нэхэмжлэл гаргасан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |