БНХАУ Тайванийн зүг урьд хожид байгаагүй их тооны сөнөөгч онгоц нисгэжээ
2023-09-19

Тайванийг өөрийн нэг муж гэж үздэг БНХАУ Тайванийг бусад орон тусгаар улс гэж үзэн харилцаа тогтоох бүрт ихээхэн эсэргүүцэж, мөн сүүлийн жилүүдэд Тайванийн ойролцоо цэргийн сургуулилалт хийх, сөнөөгч онгоц арлын дээгүүр нисгэж "сүрдүүлэх" алхмыг тогтмол хийсээр байгаа юм. Энэ удаад урьд хожид байгаагүй их тооны сөнөөгч онгоцыг Тайвань руу нисгэжээ. 

 

Тодруулбал, БНХАУ-ын 103 сөнөөгч онгоц Тайванийг чиглэн ниссэн гэж Тайванийн Батлан хамгаалахын яам есдүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн байна. Тайванийн Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, есдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд ойролцоох агаарын орон зайд Хятадын Ардын чөлөөлөх армийн 103 онгоц нэвтэрсэн бол арал руу есөн байлдааны хөлөг онгоц ойртон ирсэн байна. Түүнчлэн эдгээр онгоцоос 40 нь Тайванийн хоолойн дундын шугамыг давжээ. 

 

Энэ үйлдэлтэй холбоотойгоор Тайванийн Батлан хамгаалах яам Бээжинд хандан Ази, Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах үүднээс нэг талт цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ. 

 

Эргэн сануулахад, Тайванийн хоолой дахь хурцадмал байдал 2022 оны наймдугаар сард дахин даамжирсан юм. Тухайн үед Тайваньд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси айлчилсан. Үүний хариуд Хятадын Ардын чөлөөлөх арми наймдугаар сарын 4-7-ны өдрүүдэд арлыг бүслэн, томоохон цэргийн сургуулилалт хийсэн юм. Цаашлаад ийм сургуулилалт хийх нь хэвийн үзэгдэл болно гэж Хятадын тал мэдэгдэж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин