Наян сая долларын үнэтэй онгоцоо алдсан Америкийн агаарын хүчин иргэдээс тусламж хүсчээ
2023-09-19

Америкийн F-35 сөнөөгч сүйрч, нисгэгч нь амжилттай газардаж чадсан, харин онгоцыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа  талаарх мэдээлэл даваа гарагт гарч байсан. Америкийн холбогдох албаныхан онгоцны сэгийг одоо хүртэл олоогүй байгаа бөгөөд ард иргэдээс тусламж хүсчээ. 

 

Америкийн Агаарын цэргийн хүчний F-35B Lightning II сөнөөгч онгоц ням гарагийн өдөр Өмнөд Каролинад алга болсон аж. Наян сая долларын өртөг бүхий энэ онгоц одоогоор тодорхойгүй шалтгаанаар хаа нэгтээ унасан, нисгэгч нь онгоц сүйрэхээс өмнө амжиж газардсан гэж АНУ-ын Агаарын цэргийн хүчин мэдэгдсэн байна. 

 

Сураггүй болсон онгоцны нисгэгч одоо эмнэлэгт эмчлүүлж, биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ. Энэ онгоц "степс" технологи буюу радарт тэр бүр илэрдэггүй технологиор үйлдвэрлэсэн тул онгоцны сэгийг олоход хүндрэлтэй байгаа аж. Одоо онгоцыг Молтри болон Марион нууруудын орчимд хайж байгаа бөгөөд эдгээр нуур онгоц харьяалагдах баазаас хойд зүгт байдаг юм байна.

 

"Аврах багийнхан F-35 онгоцыг эрэн хайх ажлаа үргэлжлүүлж байна. Иргэдэд хандан цэргийнхэн болон нутгийн эрх баригчидтай хамтран ажиллахыг уриалъя" хэмээн цэргийн агаарын баазын төлөөлөгчид мэдэгдээд, онгоцны талаарх мэдээлэлтэй хүмүүс тэдэнтэй холбогдохыг хүссэн байна.

 

F-35 онгоц ямар шалтгаанаар сүйрсэн талаарх мэдээлэл тодорхойгүй, тухайн үед энэ онгоцтой ойролцоо нисэж явсан өөр нэг онгоц бааз дээрээ амжилттай газардсан гэж Америкийн Агаарын цэргийн хүчин мэдэгдсэнөийг ВВС дамжуулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин