Ням гарагт ОХУ-д БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жон Уныг үдэх ёслол болжээ. Тэрбээр Оросын Алс Дорнодод хийсэн олон өдрийн айлчлалаа өндөрлүүлж, нутаг буцсан байна.
Коммерсант сонины мэдээлснээр, Ким Жон Уны хуягт галт тэрэг Артём-Приморский өртөөнөөс ням гарагт хөдөлж, Хойд Солонгосыг зорьжээ. Түүнийг үдэхээр өртөөн дээр улаан хивс дэвсэж, хүндэт харуул жагсаан байна. Номхон далайн флотын цэргийн үлээвэр найрал хөгжим Хойд Солонгос болон Оросын төрийн дуулал, "Прощание славянки" зэрэг цэргийн марш эгшиглүүлжээ. 2019 оноос хойш Орост анх удаа айлчилж, Владимир Путинтэй уулзсан Ким Жон Уны айлчлал ийнхүү өндөрлөсөн байна.
Энэ үйл явдлыг дэлхий дахин анхааралтай ажиглаж байсан юм. Дээд хэмжээний уулзалтын үеэр цэргийн хамтын ажиллагааны талаар тохиролцоно, технологи авсны хариуд Пхеньян зэвсэг санал болгож мэдэх юм гэж шинжээчид үзэж байлаа. Харин энэ уулзалтаар ийм тохиролцоо хийгээгүй гэж Москва мэдээлжээ.
Агаарын харилцааг сэргээнэ
Уулзалтын үеэр хоёр тал агаарын харилцаагаа сэргээх асуудлыг хөнджээ. Энэ талаар ОХУ-БНАСАУ -ын Засгийн газар хоорондын комиссын дарга, Байгаль орчны сайд Александр Козлов мэдэгдсэн байна.
"Агаарын харилцаагүйгээр амьдрах боломжгүй. Тиймдээ ч хоёр тал агаарын харилцааг сэргээхэд шаардлагатай бүхнийг хийсэн. Гэхдээ одоо хэвийн горимд ороогүй байна. Ойрын үед тогтмол агаарын харилцаа сэргэнэ гэж бид найдаж байна" хэмээн Козлов мэдэгджээ.
Коронавирусийн цар тахлаас өмнө Владивосток-Пхеньян чиглэлийн нислэгийг долоо хоногт хоёр удаа үйлддэг байсан аж. Агаарын харилцаанаас гадна автозамын асуудлыг ч хэлэлцсэн байна. Хоёр тал Туманган голын дээгүүр автомашины гүүр барих, "Хасан-Ражин" төслийг сэргээх талаар хэлэлцжээ.
Байгаль орчны сайд Козловын өгүүлснээр, хоёр орныг холбох автомашины гүүр байгаагүй тул автозамын харилцааны асуудал хурцаар тавигдаж байсан бөгөөд одоо Туманган гол дээгүүр гүүр барьснаар энэ асуудал шийдэгдэх аж. Приморын хягзаар нь БНАСАУ-ын гол хөрш тул тээвэр харилцааны асуудлыг шийдэх нь нэн чухал гэж талууд онцолжээ.
Путиний бэлэг
Өнгөрсөн долоо хоногт Путин, Ким Жон Ун нар Восточный сансрын буудал дээр уулзаж, хэлэлцээ хийсэн. Энэ үеэр Путин Ким Жон Унд бэлэг барьжээ.
Владимир Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын өгүүлснээр, Путин Ким Жон Унд хэдэнтээ сансарт байсан сансрын нисэгчийн хувцасны бээлий болон Орост үйлдвэрлэсэн карабин буу өгсөн байна. Үүний хариуд Ким Жон Ун мөн л дотооддоо үйлдвэрлэсэн буу бэлэглэжээ.
Эргэн сануулахад, БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун Владимир Путиний урилгаар есдүгээр сарын 12-ны өдөр Орост очсон юм. Тэрбээр хуягт галт тэргээр ирсэн бөгөөд энэ тээврийн хэрэгсэл нь Кимийн гэр бүл айлчлалынхаа үеэр голчлон ашиглагддаг унаа юм. Энэ галт тэрэг 21 вагоноос бүрдсэн, сайтар хамгаалагдан, хуяглагдсан байдаг тул энэ галт тэрэг 60 км/цагаас дээш хурдалдаггүй аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |