Есдүгээр сарын долооны үдэш Таиландын Паттайя хотод гал гарчээ. Энэ гал түймрийн улмаас жуулчдын хамгийн ихээр зорьж очдог газар сүйдсэн гэж Таиландын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Тодруулбал, "Хөвдөг зах" хэмээх энэ хотын хамгийн их жуулчин татдаг газарт гал түймэр гарчээ. Энэ газарт өдөр бүр олон мянган жуулчин ирдэг аж. Хөвдөг зах хаагдсаны дараа гал гарсан бөгөөд жуулчид болон тэндэхийн ажилчид галд өртөөгүй гэж хэвлэлүүд мэдээлсэн байна. Гэрчүүдийн өгүүлснээр, есдүгээр сарын долооны 19 цаг орчимд хүмүүс гэртээ харихаар зэхэж байх үед захын төв хэсэгт байх модон жорлонгийн ойролцоо оч авалцсан байна. Удалгүй гал гарч, галд шатамхай материалаар хийсэн худалдааны павильон, кафенууд шатжээ.
Хөвдөг захд гарсан галыг унтраах ажилд гал сөнөөгчид, 20 гаруй машинтай ажилласан байна. Галыг унтраахаас ч өмнө ихэнх хэсэг шатжээ. Хөвдөг зах 100 мянган кв.метр талбайг эзлэн оршдог, энэ талбайд гарсан галын үеэр лангууны эзэд бараа материалаа авах гэж оролдсоны улмаас хэдэн хүн хөнгөн гэмтжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |