Хятадын Ханжоу хотод болох XIX Азийн наадмын буухиа есдүгээр сарын наймны өдөр энэ хотоос эхэлжээ. Наадмын бамбарыг Жэжян мужийн 10 хотоор буухиалах юм байна.
Синхуа агентлагийн мэдээлснээр, Азийн наадмын бамбарыг 2000 хүн буухиалж, есдүгээр сарын 20-ны өдөр эргээд Ханжоу хотод хүргэх аж. Бамбарын буухиад оролцож буй хүмүүсийн хамгийн ахмад нь 84 настай, хамгийн залуу нь 14 настай гэнэ. Бамбар буухиалж буй хүмүүсийн дунд тамирчид төдийгүй томоохон компаниудын төлөөлөл, эрдэмтэд, оршин суугчид багтаж байгаа юм байна. Тухайлбал, Бэйханы их сургуулийн профессор Нин Сяолин, Алибаба компанийн ерөнхий захирал Дэниел Жан, бадминтоны дэлхийн аварга болох Чэнь Юфей болон Ван Илу нар бамбарын буухианд оролцохоор болжээ.
Азийн наадмын бамбарыг зургадугаар сарын 15-ны өдөр Лянжуд асаасан. XIX Азийн наадам 2022 онд зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байсан ч коронавирусийн цар тахлын улмаас хойшлогдож энэ оны есдүгээр сарын 23-наас 10 дугаар сарын наймны өдөр хүртэл зохион байгуулагдахаар болсон юм. Наадам явагдах үндсэн хот нь Ханжоу, мөн үүний зэрэгцээ Нинбо, Вэньжоу, Жиньхуа, шаосин, Хужуо мужийн таван хотод тэмцээн уралдаан болно. Энэ удаагийн наадамд Азийн 45 орны 12,5 мянган тамирчин оролцох бөгөөд Орос, Беларусийн тамирчид Олон улсын олимпын хорооны шийдвэрээр Азийн наадамд оролцох боломжгүй болсон юм.
Г.Бямбасүрэн