Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт нар Үндэсний бодлогын хорооноос гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч байна
Мэдээллийн эхэнд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр "Өнгөрсөн долоо хоногт АН-ын ҮБХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, намын тэргүүн дэд дарга, дэд дарга нар томилогдсон. АН Улстөрийн зөвлөлөө байгуулсан. Зөвлөлийг 22 хүнтэй байгуулж, баталсан. Ардчилсан намын өдөр тутмын шийдвэрийг улстөрийн зөвлөлөөрөө хэлэлцэж, гаргахаар болсон. Мөн Үндсэн дүрмийн хороо шинэчлэгдсэн, дотоод сонгуулийн хороо шинэчлэл хийсэн, анхан шатны сонгуулийг явуулах журам батлагдсан. Энэ хүрээнд есдүгээр сард багтаад Ардчилсан намын сумын сонгуулиуд явагдана. Мөн аймгийн намын хороодын дарга нарыг сонгох сонгууль явагдана" гэлээ.
Үүний дараа тэргүүн дэд дарга С.Баярцогт "Монгол Улсын улстөрийн намууд гурван том хуулиар бүхэлдээ өөрчлөлтөд орж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон. Улстөрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль батлагдсан. Улстөрийн намын тухай хууль батлагдсантай холбогдуулан манай намын ҮБХ 504 гишүүнтэй болж байгаа.
Ардчилсан нам энэ удаагийн өөрчлөлтөөр Ардчилалын хоёр дахь давалгааг эхлүүлж байна. Шинэ үеийн төлөөлөл орж байгаа. Манай анхдагчид 2024 оны сонгуулиар байр сууриа хоёр дахь үеийнхэндээ шилжүүлж байгаа. Үүнийг ардчилалын дахин сэргэн мандалтын эхлэл гэж нэрлэж байгаа. 80,90 оныхон манай намд шинээр орж ирж байгаа нь бодлогын хувьд маш том өөрчлөлт болно.
Хоёр дахь том асуудал нь нэг нам хэт үнэмлэхүй олонхиор хоёр сонгууль дарааллан ялсан тохиолдол өнгөрсөн 2 сонгуулиар гарсан. Энэ байдал удаан үргэлжлээд бодитой сөрөг хүчингүй байх юм бол манайх аажимдаа авторитар тогтолцоо руу шилжих шилжилт харагдаж байна. Иймээс одоогийн Ардчилсан намын гишүүд удирдагчдын хувьд хариуцлагатай үе. Ардчилалын баян бүрд гэгддэг Монгол орныг энэ хэвээр нь авч үлдэж чадах уу? Хүний эрх, хувийн өмч, чөлөөт зах зээл, жижиг Засгийн газар, авлига хээл хахуульгүй төрийн тогтолцоог хамгаалж бэхжүүлэх нь АН-ын үүрэг. Ийм бодлогын өөрчлөлтийг энэ оноос үзүүлнэ. Ардчилалын төлөөх намууд эв нэгдэлгүй байх үедээ ялагдал хүлээдэг. Энэ нь улс орны хөгжилд сөргөөр нөлөөлдөг өнгөрсөн 7 жилийн туршлага дээр маш сайн дүгнэлт хийсэн. Та бүхэн шинэ АН-ын тухай ярих болно" гэлээ.
Уншиж байна |