Лондон хотод болсон дуудлага худалдаагаар Queen хамтлагийн дуунуудын нооргийг худалджээ. Эдгээрийн дунд Bohemian Rhapsody, We Are The Champions зэрэг алдарт дуунуудын гар бичмэл байсан гэнэ.
МИР24 сувгийн мэдээлснээр, Лондонгийн дуудлага худалдаанд Фредди Меркьюригийн 1400 эд зүйл тавигджээ. Тэдгээрийн дунд Фреддигийн хайртай төгөлдөр хуур байсан бөгөөд энэ төгөлдөр хуур дээр тэрээр олон хит дуугаа зохиосон байна. "Богемын рапсоди" гэсэн бичигтэй энэ төгөлдөр хуурыг зарах дуудлага худалдаа зургаан минут үргэлжилж, төгөлдөр хуур 2,2 сая доллараар шинэ эзэндээ очжээ.
Дуудлага худалдаанд тавигдсан өөр нэг хосгүй зүйл нь 1974 онд бичигдсэн, Богемын рапсоди дууны гар бичмэл байсан аж. Энэ гар бичмэл дээр дууг анх "Монголын рапсоди" хэмээн нэрлэж байсан нь бичигдэн үлджээ. Гар бичмэл 1,7 сая доллараар худалдаалагдсан байна.
Дуудлага худалдаа болох хүртэл Меркьюригийн урлагийн цуглуулга, тавилга болон бусад эд зүйлс хөгжимчний Лондон дахь харшид хадгалагдаж байсан юм. Энэ харшийг Меркьюри сайн найз болох Мэри Остинд гэрээслэн үлдээсэн бөгөөд өдгөө 72 настай Мэри одоо энэ харшид амьдардаг, харин эд зүйлсийг худалдах нь "Меркьюрид таалагдах байсан" гэж үзсэний улмаас түүний эд зүйлийг худалджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |