ОХУ Украин руу түрэмгийлж, өнөөгийн дайныг эхлүүлэн, улмаар дайнд цөмийн зэвсэг ашиглаж болзошгүйг илтгэх сүрдүүлсэн мэдэгдлийг Оросын эрх баригчид өнгөрсөн онд удаа дараа хийсний даяар дэлхийн олон оронд, тэр дундаа Оросын хөрш зэргэлдээ орнууд бөмбөгдөлтөөс хоргодох байранд анхаарал хандуулах болсон юм.
ОХУ-ын зүгээс аюул заналхийлж болзошгүй нөхцөлд бэлэн байх үүднээс Финландын эрх баригчид бөмбөгдөлтөөс хоргодох байруудыг бэлдэж дууссан байна. The Moscow Times сонины мэдээлснээр, 4,8 сая хүний багтаамж бүхий нийт 50 мянга гаруй хоргодох байр одоогоор бэлэн байгаа бөгөөд бөмбөгдөлтөөс хоргодох байрнуудын ихэнх нь шаардлага хангахуйц, гэхдээ засвар үйлчилгээ хийх шаардлагатай гэж Финландын Дотоодын хэргийн яам мэдэгджээ.
Дотоод хэргийн яамны шалгалтын дүнгээр, нийт хоргодох байрны 90 гаруй хувь нь бөмбөгдөлт болон энгийн зэвсгийн халдлагаас найдвартай хамгаалах бол 83 хувь нь хий, цацрагаас хамгаалах аж.
"Финландын иргэдэд зориулсан бөмбөгдөлтөөс хоргодох байр болон тэдгээрийн тоноглол нь найдвартай, урт хугацаанд ашиглах боломжтой. Гэхдээ зарим байранд засвар үйлчилгээ хийх шаардлагатай. Хуульд зааснаар 72 цагийн дотор засварыг дуусгах ёстой ч зарим засвар, тухайлбал ус сувгийн системийн хавхлагыг засах ажил 72-оос дээш цагаар үргэлжилдэг тул хугацаа хэрэгтэй" хэмээн Финландын Дотоод хэргийн яамны төлөөлөгч мэдэгджээ.
Финландын иргэний хамгааллын тогтолцооны үндэс нь бөмбөгдөлтөөс хоргодох байр байнга бэлтгэх явдал юм.
Энэ улсын эрх баригчид 1950-иад оноос эхлээд олон давхар орон сууц болон офисын барилгын доор бөмбөгдөлтөөс хоргодох байр зайлшгүй барьж байгуулахыг үүрэг болгож байсан бөгөөд тиймдээ ч одоо таван сая орчим хүнийг байрлуулах боломжтой 50 мянга гаруй байртай болжээ.
Финландын хоргодох байрнуудад агааржуулагч, сэнс, бат бөх хаалга, эвхэгддэг ор байдаг. Тайван цагт газар доорх хоргодох байрнуудыг усан сан, спортын төв зэрэг зориулалтаар ашигладаг бөгөөд тухайн барилгын эзэн барилгын дор байгаа хоргодох байрны нөхцөл байдлыг хариуцаж, шаардлагатай засвар үйлчилгээ хийх үүрэг хүлээсэн байдаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |