Пригожиний хувийн онгоц сүйрч, тэр амиа алдсан гэх мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийнхний №1 сэдэв болж байна. Барууныхан энэ үйл явдалд нэг их гайхахгүй байгаа бол улс төрчид, шинжээчид Пригожинийг хөнөөсөн байж болзошгүй гэх хувилбарт ихээхэн болгоомжлонгуй хандаж байгаа юм.
Пригожиний үхлийг хэвлэлүүд хэрхэн мэдээлэв
Еврокомиссын төлөөлөгч 24Канал сувагт мэдээлэл өгөхдөө, Оросоос ирсэн мэдээнд итгэхэд хэцүү, учир нь баримтыг шалгахад бэрхшээлтэй хэмээсэн байна.
Харин Америкийн тал Пригожиний онгоц сүйрсэн мэдээлэлд огтхон ч гайхахгүй байгаагаа илэрхийлсэн юм. Жо Байден сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, ийм зүйл болсонд гайхахгүй байгаагаа илэрхийлээд энэ хэргийн цаана Путин байгаа гэж үзэж байгаагаа шуудхан хэлсэн.
"Орост Путиний гар хүрэхгүй зүйл гэж ховор, гэхдээ хариулт өгөх хэмжээний мэдээлэл надад алга" хэмээн Байден мэдэгдсэн юм.
Харин Пентагон тайлбар өгөхөөс татгалзаж, өөрсдийн дүгнэлтийг гаргахын тулд тагнуулын мэдээллийг судлаж байгаа хэмээн мэдэгджээ.
Пригожинд анхааруулж байсан
Пригожиний онгоц сүйрсэн хэрэг гарсан энэ үед нэгэн сонирхолтой байр суурийг эргэн санахад илүүдэхгүй болж байна. Одоогоос сар гаруйн өмнө, АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс хэвлэлд ярилцлага өгөхдөө Пригожин бослого гаргах гээд бүтэлгүйтснийхээ дараа Кремлийн зүгээс авах өшөө авалтаас мултарсан гэж сонсвол ихэд гайхна хэмээж байв.
"Өс хонзон бол хүйтнээр нь өгөх ёстой хоол гэж Путин үздэг гэж би боддог юм. Миний туршлагаас харахад, Путин бол өшөө авахдаа жинхэнэ гарамгай нэгэн. Пригожин энэ үйлдлийнхээ төлөөсийг хүртэхгүй үлдсэн байвал би ихэд гайхах байсан" хэмээн Бернс өгүүлж байлаа.
Британийн хувилбар
Пригожиний онгоцыг Оросын арми пуужингаар сөнөөсөн гэх мэдээлэл гарч байсан. Ийм байр суурийг Британийн тал ч дэвшүүлсэн байна.
Тодруулбал, Британийн тагнуул дахь эх сурвалжууд ВВС агентлагт мэдээлэл өгөхдөө, Евгений Пригожиний онгоцыг Оросын дотоодын тагнуул болон Холбооны аюулгүй байдал сөнөөсөн байх магадлал өндөр хэмээжээ. Энэ алба Владимир Путинд үнэнчийн дээр хилийн цэргийг удирдлагадаа байлгадаг юм.
Ийнхүү Пригожинийг хөнөөсөн нь Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Валерий Герасимовын байр суурийг бэхжүүлж магадгүй гэнэ. Тэднийг Пригожин үзэн ядаж, олны өмнө шүүмжилдэг байв. Зургадугаар сард гаргасан бослогынхоо үеэр ч Пригожин гагцхүү Шойгу болон Герасимов нарыг Украин дахь ажиллагаа бүтэлгүйтсэнд буруутгаж байв.
Британийн олон нийтийн сүлжээгээр, онгоцны зорчигчдод хайрцаг дарс бэлэглэсэн, чухамхүү энэ хайрцаг дэлбэрсэн гэх цуу яриа тархаж байна. Энэ мэдээлэл мэдээж батлагдаагүй.
Бусад талын өнцөг
Эстонийн Ерөнхий сайд Кая Каллас Пригожиний онгоцны ослын ард Путин байгаа гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
"Путин өрсөлдөгчдөө бүгдийг устгадаг, өөрөөс нь өөр бодолтой хэнийг ч айлгадаг" хэмээн Кая Каллас CNN агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн байна.
Мөн ийм байр суурийг Польшийн Гадаад хэргийн сайд Збигнев РауМинистр иностранных дел Польши Збигнев Рау илэрхийлжээ.
“Путин өөрийн эрх мэдэлд нь аюул занал учруулж байгаа гэж үзэх түүний улс төрийн сөргөлдөгчид жам ёсоороо бие бардаггүй” хэмээн Збигнев Рау TVP Info телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Пригожин, Уткиний “ихрүүд”
Энэ ослоор чухамхүү Пригожин өөрөө амиа алдсан гэдэгт зарим эх сурвалжууд эргэлзэж байна. Учир нь Пригожин болон Уткин нар өөрсөдтэйгээ адилхан хүмүүсийг ихээхэн ашигладаг гэнэ.
Медуза агентлагийн мэдээлснээр, тэдэнтэй адилхан хүмүүсийн нэр, овгийг албан ёсоор сольж, Евгений Викторвич Пригожин болон Дмитрий Вальеревич Уткин нарын нэр дээр паспорт авч өгдөг аж.
Пригожиний дүрд "тоглож" байсан Леонид Красавин гэх хүн байсан бөгөөд Пригожин хоригт орсон үед чухамхүү тэр түүний оронд Литва руу явж байсан гэж хэвлэлүүд мэдээлж байв.
Түүнчлэн Пригожин зургадугаар сарын 23-ны өдөр бослого гаргах гэж оролдоод бүтэлгүйтсний дараа түүний гэрт нэгжлэг хийж байсан. Энэ үеэр олон тооны хуурамч паспорт илэрч байв.
Пригожиний онгоцонд түүний "ихэр" байсан, өөрөө амьд гэх мэдээлэл олонтаа гарч байна. Харин энэ хувилбарыг "хол явахааргүй" цуу гэж Украины Дээд радын гишүүн асан Олег Царев үзэж байгаа аж.
"Евгений Пригожин өөртэйгээ адилхан хүмүүс ашигладаг байсан. Гэхдээ сүйрсэн онгоцонд тэдний нэг байсан гэх магадлал тун бага. Пригожин Африкийн асуудлыг шийдэхээр Орос руу ниссэн гэж түүний ойрын хүрээллийнхэн мэдээлсэн. Пригожинтой адилхан, түүнийг орлодог хүн ийм хэлэлцээ хийж чадахгүй шүү дээ. Түүнчлэн, мөн камерын бичлэгт онгоцонд чухамхүү Пригожин суусан нь бичигдсэн байгаа" хэмээн Олег Царев хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Түүнчлэн оршуулгын товчоо Пригожиний цогцос ирсэн гэдгийг баталсан гэж URA хэвлэл мэдээлж байв.
Г.Бямбасүрэн