Өнөөдөр Украины Тусгаар тогтнолын өдөр тохиож байна. Одоогоос 31 жилийн тэртээ, Дээд радын 1992 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн Тогтоолоор энэ өдрийг Тусгаар тогтнолын өдөр болгон тунхаглаж байв. Үүнээс нэг жилийн өмнө, наймдугаар сарын 24-ний өдөр Украины Тусгаар тогтнолыг тунхаглах акт гарч байсан юм.
Харамсалтай нь, Тусгаар тогтнолын өдөр энэ жил дайны тоосонд дарагдаж байна. Украинчууд Тусгаар тогтнолынхоо өдөр тусгаар тогтнолынхоо төлөө дайтсаар байгаа юм.
Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлынхаа төлөө украинчууд 1 жил 6 сарын турш тасралтгүй тэмцсээр, энэ хугацаанд Оросын түрэмгийллээс үүдэлтэй дайн энэ улсад асар их хохирлыг учруулсаар байна.
Энэ хугацаанд Украины тал 70 мянга гаруй цэргээ алдсан гэсэн баталгаагүй тоо байдаг бол дайн эхэлснээс хойш 10 мянга гаруй энгийн иргэн амиа алджээ.
Украины хохирол үүгээр дууссангүй. Киевийн эдийн засгийн сургууль Оросын түрэмгийллээс үүдэлтэй хохирлын талаар шинэчилсэн мэдээллийг саяхан гаргасан юм. Энэ сургуулийн судлаачдын тооцоолсноор, эвдэрсэн дэд бүтцийн өртгийг тооцоход шууд хохирлын үнийн дүн 150,5 тэрбумаар хэмжигдэж байгаа аж.
Орон сууцны хохирол
Олон салбаруудын дундаас хамгийн их хохирол амссан нь орон сууц байгаа аж. Энэ салбарт учирсан хохирлыг 55,9 тэрбум доллар гэж тооцжээ.
2023 оны зургадугаар сарын байдлаар, Украинд нийтдээ 167,2 мянган барилга байшин сүйрсэн эсвэл хэсэгчлэн нурсан байна. Үүнд:
Тээврийн дэд бүтцийн хохирол
Хохирол хамгийн ихээр амссан салбарын хоёрдугаарт Украины тээврийн дэд бүтэц багтжээ. Үүнд замын аж ахуй, төмөр замын, боомтын болон нисэхийн дэд бүтэц багтах юм.
Дайн эхэлснээс хойш энэ салбарт учирсан хохирол 36,6 тэрбум доллараар хэмжигдэж байгаа бөгөөд 19 нисэх буудал, 126 төмөр замын буудал, өртөө сүйрч, эвдэрчээ.
Боловсролын салбарт учирсан хохирол
Оросын түрэмгийллийн улмаас 3,4 мянган сургуулийн байр сүйрч, эвдэрчээ. Ингэснээр 9,7 тэрбум долларын хохирол учирсан гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна.
Эргэн сануулахад, өнөөгийн дайн эхлэхээс гурав хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 21-ний өдөр ОХУ Украины салан тусгаарласан бүсүүд болох, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Ингээд тус бүс нутгийн захирагч нарын хүсэлтийн дагуу, 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донецк, Луганск, Оросыг хамгаалах нэрийн дор "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал гаргасан юм.
Ингээд 2022 оны хоёрдугаар сарын 24-ний пүрэв гарагийн 05:00 цагт Оросын арми Украин руу халдсан юм. Оросын цэргүүд Орос, Беларусь, эзлэн түрэмгийлэгдсэн Крымээс Украины нутаг руу цөмрөн орж байлаа. ОХУ Украин руу халдахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл 2021 оны 10 дугаар сараас эхлээд л барууны хэвлэлүүдээр гарч байлаа. Харин ОХУ-ын эрх баригчид Украинтай дайн хийх гээгүй, цэргийн сургуулилалт явуулж байна хэмээн мэдэгдсээр байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |